Олимпын хошой аварга Ханю Юзүрү зодог тайллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-07-20 10:03:09

ТОКИО. /Kyodo/. Японы урган гулгалтын супер од Ханю Юзүрү зодог тайлж буйгаа мягмар гарагт мэдэгдлээ. Тэрбээр энэ шийдвэрээ Токиод болсон тусгай хэвлэлийн бага хурлын үеэр зарласан байна.


Ханю карьерынхаа талаар чухал шийдвэр гаргаснаа мэдэгдэж, дараа нь мөсөн шоу зохион дэлхийг тойрон аялан тоглолтоо хийнэ гэж “Nikkan Sports” сонин даваа гарагт мэдээлжээ.


Тэрбээр карьераа дуусгах талаар удаан бодож байсан гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон байна. "Би Пёнчаны олимпын дараа карьераа дуусгах талаар бодсон. Гэхдээ би үр дүндээ анхаарлаа хандуулсаар байсан учраас Бээжингийн олимп хүртэл тэсэж чадсан" гэж Ханю хэлжээ. 


Ханю Юзүрү 1994 оны 12 дугаар сарын 7-нд төрсөн бөгөөд өдгөө 28 настай. Тэрбээр 2014, 2018 оны өвлийн Олимпын аварга болсон бөгөөд “Бээжин-2022” наадамд 4-р байр эзэлсэн юм.  2014, 2017 оны дэлхийн аварга тамирчин тэрээр  2020 оны Дөрвөн тивийн аварга бөгөөд Гран-При финалд дөрвөн удаа түрүүлж, зургаан удаа Японы аварга болсон.


Мөн карьерынхаа туршид 2004 онд ISU –ийн шүүгчийн системийг нэвтрүүлснээс хойш дэлхийн хамгийн олон (19) дээд амжилтыг тогтоосон байдаг. Үүгээр зогсохгүй Ази тивээс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль авсан анхны тамирчин билээ. 

Холбоотой мэдээ