УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцжээ. Тэдгээрээс төрийн бэлгэ тэмдгийн талаар хэлэлцсэн тухай тэмдэглэлээс онцолсныг үргэлжлүүлэн уншигч танд хүргэе.
Тэнгисболд: / Гэсэр театрын пүүсийн ерөнхий
захирал/
- Аливаа улс төр юм уу олон улсын сүлд, туг
далбааг хийхдээ төрийн түүхийн номыг харлаа. Сүлдээ хийхдээ ер нь 4 төрлийн
бүлэгт багтдаг сүлднүүдийг жишиж харлаа. Нэгдүгээрт, социалист орнуудын явж
ирсэн, нэг нам удирдах гэдэг юм уу, нэг нам нь манлайлах гэдэг юм уу тариа
будаатай, ийм ургуулдаг барьдаг гэсэн сүлд байгаа. Хоёрдугаарт, эртний их
төрийн уламжлалтай улсуудын 2-3 жилийн өмнө хийчихсэн ийм сүлднүүд байна. Хоёр,
гурван зуун жил өөрчлөгдөөгүй, Гуравдугаарт, колони орнуудын
сүлднүүд. Манайд ийм шувуу, ийм онцгой төрлийн ногоо ургадаг ч гэдэг юм уу
иймэрхүү сүлднүүд байгаа. Дөрөвдүгээрт, бүр абстракт сэтгэлгээний
сүлднүүд гэсэн ийм 4 хэлбэр байна.. Манайх социалист сүлд бүтээдэг тийм аргаар
л хийсэн байна л даа, урьд нь.
Монгол Улсын төрийн сүлд, далбааг хийхийн тулд нэгд надад юу ойлголдож байна вэ гэхээр
бид чинь өөрсдийгөө Хөх Монгол гэчхээд цагаан Солонгос
гэдэг юм уу, хар Хятад ч гэдэг юм уу? Бүх хиллэж байсан эртний улсууддаа өнгө
зааж өгсөн. Тийм учраас хөх гэдэг дотор л би яримаар санагдсан. Яагаад вэ
гэхээр хөх Монгол гээд хэлээд дассан Монгол Улсын хөх туг гэж ойлголт бид
бүгдэд байдаг. Эртний монголчууд орон зайг дүрслэхдээ тойргоор дүрслээд
түүнийгээ гал хүрээгээр хүрээлдэг байжээ. Төрийн сүлд бол миний бодлоор
дугуйгаар тэнгэрийг, дөрвөлжин дүрсээр газар дэлхийг төлөөлдөг, түүнийг би энд авч ашигласан юм.
Монголын нутаг зуувандуу хэлбэртэй /газар зүйн хэлбэрээр/. Яг
бэлгэдлийн хувьд мөнх тэнгэрээс заяатай ам дөрвөлжин
нутаг гэдэг бэлгэдлийн хэллэгтээ байдаг юм байна.
Төрийн сүлд бол ерөөсөө одтой, нартай, сартай мөнх
тэнгэрийн ойлголт орсон. Далбааны голд квадрат явж байгаа. Монголчууд мөнх тэнгэр юм уу мөнх юмыг л хөх
өнгөөр бэлгэддэг. Тийм
уламжлалтай. Улаан бол бадартугай, дэлгэртүгэй
гэсэн утгатай байдаг юм байна. Тийм учраас түүнийг авах юм бол мөнх нар
мандтугай гэсэн утга гарч байгаа юм. Яагаад вэ гэхээр гал хүрээгээр авсан
учраас. Сүлдний дүрсийг хан хурмастыг зөгнөн сэтгэж дугуй
дотор авлаа. Энэ дээр 9 од авсан юм. Монголчууд жишээ нь 9-ийн тоог эрхэмлэдэг. Тийм учраас 9 од
сахиус болгон авч байгаа юм. Эндээ эх тугийг оруулж, бэлгэдлийн хувьд оноосон
хэллэг сав ертөнц ахуй амьдрал 9 эрдэнэ ундран дэлгэрэхийг бэлгэдэж авлаа.
Би энд цагаан шонхор шувууг авч байна. Монголчууд 4000 жилийн тэртээгээс цагаан
шонхор шувууг хэрэглэдэг байсан гэж
эрдэмтэд өнөөдөр тайлбарлалаа. Шувууг цагаан
дүрсээр энд яагаад авсан бэ гэхээр цагаан өнгө нь гэрэл гэгээг тэмдэглэдэг
учраас гэгээн гэсэн утгатай юм. Гэгээн бодь шувуу гэдэг юм уу, цагааныг
бэлгэдлээ. Ямар ч ард түмэн өөрийгөө тэнгэрлэг гаралтай гэж
хэлэхдээ шувууг бэлгэдэл болгон авч шүтдэг байжээ. Алунгоо хатны 5 дахь хүү Бодончар богд ах дүү нартайгаа дайсанд хөөгдөөд
үхвэл үхье, сэхвэл сэхье гэж Ононгийн бургасанд шургаж
ороход дээд тэнгэрээс цагаан шонхор шувуу хүрч
ирсэн гэдэг домог байдаг. Сүүлдээ энэ бол хойд боржигины сүлд болж яваад
1206 онд төрийн Их цагаан далбаан дээр энэ цагаан шонхор шувууг байрлуулж байжээ. Би үүнийг баримтлан цагаан шонхор шувууг Монголын төрийн
сүлдэн дээр нум сумтай оруулсан юм.
Чингисийг 9 настай байхад Есүхэй баатар бэр гуйх гэж яваад Олхонууд аймгийн эзэн Дэй сэцэнтэй дайралдахад тэрээр би нар, сар, гал гурвыг атгасан цагаан шонхор шувуу миний гар дээр буулаа гэж зүүдэллээ гэж ярьдаг. Энэ бол Монгол Улсын төрийг зөгнөсөн зөн юм. Тэр үед Монгол Улс гэж байгаагүй. Иймээс би төрийн сүлдний голд цагаан шонхор шувууг аугаа их хүч чадлын бэлгэдэл болгож авлаа. Манай улсын сэргэн мандахын бэлгэдэл болгон бадамдовжид цэцгийн цоморлог дээр соёмбыг сүлд хийморь болгон байрлуулан Алунгоо хатан таван хүүдээ эв нэгдлийг эрхэмлэж явахыг сургасан таван мөс сумын эвдэршгүй бат бөхийн илэрхийлэл болгож сүлдэнд байрлууллаа. Энэ бол эв нэгдлийн бэлгэдэл болно гэсэн эхний төслийнхөө тахилцуулгыг хийжээ.Тэрбээр дараа нь төрийн сүлдний хоёр дахь загвараа танилцуулсан байна.
-Нэгэнт Ерөнхийлөгчтэй болсон болохоор ерөнхийлөгчийн сүлд
гэж байдаг юм байна. Тэгэхээр төрийн сүлднээс урган гарах байх гэж бодож байна.
Яагаад вэ гэхээр энд нар, сар нь бүгд
байгаа. Ерөөсөө монгол хүний мөнхөд байж болох ямарваа нэгэн нам ч
гэдэг юм уу, зах зээлд ороод дараагаар нь болилоо гэхэд солигддог тийм сүлд
хиймээргүй санагдсан учраас би түүнийг мөнх гэдэг утгаар нь бодсон юм. Энд
ардчилал гэдэг юм уу тийм ойлголтоор цагаан шонхрын цээжин биед
цагаан морийг авсан юм. Цагаан морин жилээс эхлээд манай улс
ардчилал гэдэг зам руу орсон учраас би цагаан морь бэлгэдсэн.
Хоёрдугаарт цагаан сүлд байгаа юм. Тэгээд түүгээрээ
ерөнхийлөгчийн сүлд хартай байх юм бол армийн сүлд ч болдог юм уу, Нацагдоржтой
байх юм бол төрийн байгууламжууд энэ бөөрөнхий дээрээ өөрчлөгдөнө гэх тийм утгаар ийм сүлд хийсэн. Улсууд морь байгаасай гэж яриад
байсан учраас морь хийсэн юм. Төрийн өмнөх туг хоёр талдаа улаантай, дундаа
хөх, ишин талдаа соёмботой, соёмбо нь хэлтгий байрлалтай
тавьсан учраас монголчуудын төвийн төвлүүлж тавих гэдэг нь зөрчигдөөд байгаа
юм. Иймээс би хазгай тавихгүй, яг ингэж түвшин, голд нь тавих болсон. Хөх
монголын хөх туг гээд цагаан шонхортой туг байсан байна. Энэ бол нэлээн дээр
үеийн л туг юм байна л даа. Түүний улбаагаар би тугийг голд нь мөнх тэнгэрийн
хөх өнгийг төлөөлүүлэн авч байгаа юм. Тэгээд энэ дотор хамгийн гол газар
ойлголтоо гаргахын тулд алга дөрвөлжин авч байгаа юм. Дөрвөлжингийн дөрвөн тал
бүгдээрээ тэгш учраас дотроо тэгш харьцана гэсэн утгыг энэ дээр гаргах гэсэн
юм. Тэгш хэмийн зохиомжийн хэллэгээр тугныхаа төв тэнхлэгт
соёмбо байрлуулав. Улаан цагаан босоо шугам бол хөх тэнгэрт сүсэгтэй цагаан
сэтгэлтэй монгол хүн, улаан нь эцгийн яс, эхийн цус гэсэн арга билгийг
тодорхойлж байгаа юм.
Төрийн хөх тамганы загвар гуравдах нь. Төрийн тамга
хийхгүй байж болохгүй. Яагаад гэвэл монголын хаан бол тамгаа алдвал төрөө
алдана гэсэн ойлголттой байдаг. Тэр уламжлалыг бариад тамга
хийгээч гэсэн. Тамга жижгэрлээ ч гэсэн хааш хаашаа 9 см-ийн ийм тамга
байгаасай гэж бодож байна. Ерөнхийлөгчийн тамга ганцхан зарлигт хөх өнгөөр
дарагдмаар байна. Яагаад гэхээр дахиад тамган дээр шонхор шувууг авч байгаа ,
энэ бол мөнх тэнгэрээс батламжлан дарав гэсэн тийм утга гарна. Энэ жижиг суурин
дээр арслан ч юм уу барсыг зуръя гэвэл ийм жижигхэн юм болох учраас ийм баймааргүй, тийм учраас дээшээгээ барихад ч гэдэг
юм уу, хэрэглээний ч гэдэг юм уу утга санааны бэлгэдлээ давхар бодолцоод ийм юм болж
байгаа юм. Энэ бол ямар ч намын оролцоо байхгүй гэж
бодож байна.
Р.Гончигдорж:-Төслийн зохиогчидтой асуулт хариулт явуулъя. Асуултын хувьд нөгөө горимоо баримталъя.
Д.Пүрэв:- Ариун цагаан цэцгийг нэг
тайлбарлахгүй юу. Манай орны нутаг дэвсгэрийн хаана ургаж байна вэ? Хэр зэргийн
тархацтай вэ?
Чүлтэм:- Ариун цагаан цэцэг гэдэг бол бадам цэцгийг хэлж байна. Манай орны Отгонтэнгэрийн усан дотор бий. Бадам цэцгийн ариун цагаан гэдгийн учир бол ерөөсөө азийн бүх оронд дэлгэрсэн тийм бэлгэдэлтэй юм. Тэр бэлгэдлийн учир гэвэл балчиг намагт ургаад балчгийн бузрыг авч гардаггүй, цэврээрээ гардаг гэсэн тийм утгатай юм. Тийм учраас ариун цагаан цэцэг гэж хэлсэн юм.
Тэнгисболд:-Тайлбар сонсогдохгүй байна. Ийм цэцэг хаана ч
байхгүй. Зөвхөн бэлгэдлийн зүйл болгож авсан юм.
П.Улаанхүү:- Комиссын гишүүн Гунгаа гээд урьдчилсан хэд хэдэн төсөл оруулж ирж байсан. Тэр хүн яагаад буцаагаад авчихсан юм бэ? Хоёрдугаарт, яагаад хоёр төсөл байгаа юм бэ? Өөр юм ерөөсөө байхгүй байгаа юм уу?
Д.Маам:- Ер нь ирсэн нь энэ, зуншлагаар бол хур
бороогоор тун тааруу. Жишээ нь энд хоёр том яруу
найрагч байна. Дашбалбар, Бавуугийн Лхагвасүрэн хоёр байна. Энэ яруу найрагчид
шүлгээ ирүүлээгүй. Зураач нар бол бүр их ядмагдуу оролцсон. Татамж онгод нь таараагүй юм уу? Тийм л юм
шиг байгаа юм. Гунгаагийн хувьд бүх хурлуудад суусан Сүүлдээ бид нар ярьж
байгаад таталбар маягаар хийсэн юмууд бий, яг бүтэн
хийсэн юм байхгүй. Өөрөө Тэнгисболд, Чүлтэм гуайн төслүүд дээр саналаа нэмэрлэж
өгсөн. Гунгаа зураачийн санал энэ төслүүдэд оролцсон
байгаа.
Д.Пүрэв:Эдгээр хүмүүсийн хийсэн бүтээл дээр нэмэлт санаа оруулаад дахиж сайжруулаад энэ хэмжээнд хүрч байгаа юм аа гэж. Манай түүхэн уламжлалын дагуу төрийн сүлдэнд багтаж явсан тэр элементүүдийн жагсаалтыг гаргасан тодруулсан тийм зүйл байна уу? Ер нь хэчнээн төрлийн элемент, ямар ямар түүхийн үе шатанд манай төрийн сүлдэнд багтаж явсан юм бэ?
Д.Маам:-Төр ёсны 2300 жил болоод байгаа түүхт уламжлал
байна. Сүхбаатар эрдэмтэн нарын хэлснээр тэмдэглэж
байгаагаар тэр үед монгол сүлдтэй байсан гэсэн юм байгаа. Гэхдээ тэр улбааг нарийн
хөөгөөд үзэхэд тодорхой баримт байхгүй байгаа боловч нар, сар, гал
гурав байжээ гэдэг нь ямар нэг хэмжээгээр нотлогдож байгаа юм.
Чингис хааны үед бол туг, сүлд хоёр нэгэн зүйл байсан байна.
Түүнээс өмнө энэ цагаан шонхор шувуу бол аль нэг омгийн яах аргагүй сүлд нь
мөнөөс мөн. Омог бол томроод ирэхээрээ боржгон, боржгон томроод
ирэхээрээ хамаг Монгол. Хамаг Монгол томроод ирэхээрээ Монгол туургатан. Тэгээд
л Монголын эзэнт гүрэн байгаа шүү дээ. Цагаагчин гахай жил 1911 оны хувьсгалаар
тунхагласан Богд хаант Монгол улсын үед соёмбыг сүлдээр авсан юм бий. Шанзавын яаманд соёмбо
байсан. Он, 40 онд тэгээд эдүгээ хүртэл соёмбо нэлээд гол рольтойгоор явж ирсэн. Хөгжлийн
үеийг илэрхийлэх гэсэн бүр үсэгчлэн заасан түүхэн юугаа тусгаагүй, нэлээд хол
хараагүй тийм сүлднүүд 40 оны болон 60 оны сүлдийг нэрлэж болох юм.
Тэгэхээр энэ дээр би өөрийн чинь асуултад хариулангаа нэг зүйлийг хэлье.
Телевизийн /МҮОНТ/ өчигдрийн ярилцлага дээр
бид нар тэмдэглэж авсан.
Соёмбыг сүлдэнд оруулах явдлыг ер нь яах гэж байна, та нар гэсэн байдлаар Манай комиссын гишүүн Чулууны Далай доктор, мөн манай түүхч нэлээд том эрдэмтэн Гүнжийн Сүхбаатар доктор нар маш өөр бодол санаатай байгаа талаар... Бага хурал руу түүнчлэн өнөөдрийн төрийн тогтолцоо руу нэлээд шүүмжлэлтэй хандаж ямар бодол санааны үүднээс заавал соёмболчлох гээд байна вэ? Соёмбо бол Монгол улсын төрийн тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэ тэмдэг биш төдийгүй энэ бол хагарал бутралын бэлгэ тэмдэг юм. Учир юу гэвэл энэ бол Занабазарын нэртэй холбоотой бөгөөд 17 дугаар зууны 86 онд /1686 онд/ соёмбо бичгийг авсан. Энэ үеэс Монголд орж ирсэн тэмдэг. Энэ бол соёмбо үсгийн тэмдэг. Тэгэхээр үүнийг ингэж авснаараа яаж байна вэ гэвэл бид нарын бодох ёстой зүйл бол Монголын төрт ёсны түүхэнд урагш нь татсан цаашаа 2200 жил болсон юмыг нааш нь татаад 2, 3 жилийн түүхтэй болгож байна гэж. Тэгвэл зарим эрдэмтэн жишээ нь Лхамсүрэнгийн Жанцан гэдэг эрдэмтэн бий. Манай Ишжамц доктор байна. Бид энэ саналыг хуваалцаж байгаа юм. Галданбошигт, Занабазар хоёр тийм байлаа л даа. Өөлд, халх хоёр. Тэгэхээр соёмбыг зүүн Монголын нэгдлийн бэлгэ тэмдэг болж гарч ирсэн шүү гэдэг. Түүнээс гадна тэр үеэс хойш эдүгээ хүртэл соёмбоМмонголын төрийн сүлдэнд ямар нэг хэмжээгээр том эзлэхүүнийг эзэлж, монгол хүний сэтгэл санаа, мөн дэлхий дахинд соёмбо гэдэг чинь Монголын төрийн бэлгэдэл гэдгийг илэрхийлэх нэгэн элемент, нэг зүйл байгаа юмаа гэсэн санааг үгүйсгэж ерөөсөө болохгүй юм. Иймэрхүү л юм байгаа юм.
С.Батчулуун:- Хэн анх тайлбарласан юм бэ? Соёмбыг.
Д.Маам:-Соёмбыг Ринчен гуай тайлбарласан зүйл байгаа. Цэрэндорж гуайн тайлбарласан зүйлийг ярьдаг байх. Болд бол хуучны нэлээд номтой лам нараас сонссон тийм юмнууд байдаг. Янагш, чанагш болоод далд буюу нууц гэсэн. Өөрөөр хэлбэл зиндаа зиндаандаа, хэмжээ хэмжээндээ тайлбарлалаа. Үүний цаана сонин санаа юм уу, анхаарахаар ийм нэг зүйл байгаа юм. Юу вэ гэвэл бэлгэ тэмдэг гэдэг бол зүгээр заавал 5 хошуу мал, 20 дугаар дэлгүүрийн үүдэнд байдаг, үхрийн толгой махны дэлгүүр гэдгийг заасан тийм зүйл байх ёстой биш бөгөөд нэлээд тарниддаг гэсэн гүн ухааны тиймэрхүү юмнууд байх ёстой юм шиг байгаа юм.
Д.Чилхаажав:-Саналаа авлаа.
С.Баярцогт:- Би энд байгаа 4 комиссын гишүүнээс асуух гэсэн юм. Монголыг яг ямар амьтан төлөөлөх тийм боломжтой, ямар амьтнаар төлөөлүүлж болно гэж үздэг вэ? Би гол нь юу гэж асуугаад байна вэ гэхээр гоо марал, бөрт чоно, чоно, буга, морь, шувуу гэх мэтчилэн та нар өөрсдийнхөө санааг тайлбарлаад өгөхгүй юу? Би ойлголцол авах гэсэн юм.
Д.Маам:- Хүн морьгүй бол газарт хүчгүй, шувуу жигүүргүй бол тэнгэрт хүчгүй гэдэг үг бол хамгийн түрүүнд Монголтой холбогдож хэлсэн үг болов уу. Монгол хүнд хамгийн ойр нь морь л доо. Гэхдээ төрийн сүлд гэдэг бол өөр юм. Заавал Монголд хамгийн ойр нь байдаг юм нь заавал сүлдэнд туссан байх ёстой юм уу, үгүй юу, өөрөө түрүүн хэний талд байна вэ гэсэн , цагаан шонхрын талд байна гэдгээ би хэлмээр байна.
Чүлтэм:- Монгол хүний салшгүй их хүндэтгэдэг бэлгэдлийн зүйлийг би соёмбо гэж бодож байна. Соёмбо бол өөрөө тодорсон гэсэн утгатай үг .Соёмбын гол элементийн зүйлүүд цөм нарийн утга учиртай. Монгол хүний амьдралын материйн үндэс соёмбо байгаа юм. Тэгээд энэ олон зуун жилийн турш монголчууд өөрийнхөө дээдлэн хүндэлдэг тэмдэг болсны хувьд хамгийн хүндтэй ер нь төрийн сүлдэнд байвал зохих тэмдэг гэж би соёмбыг хэлж байна. Бусад түүхтэй чухал чухал юмнууд их байна л даа. Соёмбо бол заавал байх ёстой зүйл.
Р.Гончигдорж:-Ингээд эхний гишүүд дууслаа, санал шүүмжлэлдээ оръё.
С.Батчулуун:-Хоёр хүний хувилбарууд дээр сонслоо. Сүлд бол хүний гоо сайхны таашаалыг илэрхийлэх ийм зүйл мөн. Сүлдээ харж морьтон ардын заяа дээдлэх, хийморь сэргэх ёстой гэсэн нарийн зүйлээ, энэ утгаараа Үндсэн хуульд тусгагдаж орсон байгаа. Энд орж ирсэн 2 хүний хувилбарын хувьд учир дутагдалтай болсон гэж үзэж байгаа юм. Өөрчилсөн шалтгаанаа тодорхой тайлбарлалаа. Тэнгисболд ч ярилаа. 5 гол зүйл дээр миний бодоход зайлшгүй анхаарах ёстой гэж бодож байна.
- түүхэн уламжлал байх ёстой.
- ард түмний хүсэл тэмүүллийг болгоох ёстой.
- эв нэгдэл
- шударга ёс
- цог хийморийг зайлашгүй анхаарах ёстой.
Оруулж байгаа саналуудыг хувьд учир дутагдалтай зүйл байна гэж үзэх байна. Ялангуяа соёмбыг төслүүдэд оруулж байгаа явдал бол зөвшөөрч боломгүй асуудал. Соёмбо тэмдгийг оруулж байгаа хүмүүс бол үнэхээр учир дутагдалтай Энэ бол толь бичгийн тэмдэгт байгаа юм. Үүнийг Занабазар авч хэлэлцээд, энэ тэмдгээр үйл хэргээ явуулаад, үүнийг бариад Хятадад очоод гараад явсан ийм түүхтэй. Энэ утгаар нь нарийн судалсан. Энэ дээр түүхчид эсэргүүцээд байгаа бол цаана нарийн учиртай зүйл болохыг дахин магадалж үзвэл яасан юм бэ гэсэн саналтай байна.
М.Энхсайхан:-Ямар ч байсан Их хуралд аль нэг загварыг оруулах хэрэгтэй болох байх. Тэгвэл энэ загвараас алийг нь шилэх хэрэгтэй вэ гэхээр миний бодож байгаагаар байгаагаар Тэнгисболдын хийсэн загвар надад илүү нийлэмжтэй байна. Яагаад гэхээр тэр түүхэн уламжлал, эв нэгдэл энэ бүгдийг багтаахаасаа гадна сүлдэнд нэг тавигдах шаардлага би болж байна. Энэ бол улсын сүр хүчийг илтгэсэн их сүрлэг байх хэрэгтэй байна. Энэ шаардлагад Тэнгисболдын хийсэн загвар илүү нийлэмжтэй юм уу гэж бодож байна. Өөр нэг асуудал нь юу вэ гэхээр сүлдэнд түүхэн хэд хэдэн чиглэл байдаг гэдгийг судалгаан дээр үндэслэн ярьсан. Тийм учраас аль нэг загварыг тэртэй тэргүй Их хуралд оруулж хэлэлцүүлэхээс цааш биш шилэх ажил гарах юм бол Тэнгисболдын загварыг шилье гэж бодож байна.
Х.Пүрэвдагва:-Энд цагаан шонхрын элемент байгаа юм, шувуу. Энэ дээр эрдэмтэд, уран бүтээлчид янз бүрээр ярьж байна. Энд бол Дэй цэцэн Есүхэй баатар хүүгээ сүй тавиулах гэж Тэмүүжинг авч явж байхдаа тааралддаг. Энд Дэй цэцний хэлсэн үг бий. Би одоо зүүдэлсэн юм. Цагаан шонхор энэ гал, сар, нар гурвыг авчирч миний гар дээр буулаа гэж. Ингээд манай сүлдийг зүүдэлсэн юм уу? Үнэн хэрэг дээрээ тэр цагаан шонхор сүлд үү? Сар, нар, гал сүлд үү гэдгийг энэ дээр яг түүхийн баталгаа байхгүй юм байна гэж би өөрөө ойлгосон, Цагаан шонхрыг би бодохдоо нөгөө талаар монгол хүний хэрэглэж байсан, монгол хүний аж амьдралд байсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ бас ангийн үед хэрэглэж байсан болохоос биш шүтээн, шүтлэгийн байдлаар үүнийг дээдэлж байгаагүй юм уу даа гэсэн ийм бодолтой байдаг. Энэ бол махчин шувуу.
Д.Чилхаажав:-Хувийн зүгээс цагаан шонхортой Тэнгисболдын төслийг дэмжиж байна. Ямар утгаар дэмжиж байна вэ гэхээр Их цаазын төсөлд тусгагдсан түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлэх ёстой гэсэн. Үүнийг арай илүү илэрхийлэх юм уу даа гэж би үзэж байна. Хүсэл тэмүүллийг илэрхийлэх хэцүү л дээ. Ер нь монгол хүн ямар хүсэл тэмүүлэлтэй байдаг юм бэ? гэдгийг илэрхийлэх юм уу, эсвэл өнөө үеийн хүмүүсийн хүсэл тэмүүллээр нь тусгах юм уу гээд маргаантай асуудал. Удаан хугацаанд хэрэглэсэн урьд нь хэрэглэж байсан сүлдний элементүүдийг энэ төсөлдөө тусгах юм уу? Эсвэл бэлгэдлийн шинжийг илүү харгалзсан тэр сүлдний элементүүдийг одоогийнхоо төсөлд тусгах уу гэдгийг бол бодож үзэх хэрэгтэй. Тэгэхээр би энэ Тэнгисболдын төсөлд аль аль нь тусгагдсан юм уу даа гэж үзэж байна. Үүнийг л дэмжих саналтай байна.
Ч.Цэрэндагва:-Одоогийн төрийн далбаа, Тэнгисболдын хувилбар хоёрыг хоёуланг нь Их хуралд оруулж хэлэлцүүлж болох хувилбарууд байна гэж үзэж байна. Сүлдний хувьд урд хэлсэн гишүүдтэй санал нэг байна. Миний хувьд энэ хоёрын төслийн алийг нь ч аваад Их хуралд оруулъя гэхээр сэтгэлд бууж өгөхгүй байна. Саяны үндэслэлүүд дээр харж, эргэж үзэх ёстой юм биш байгаа. Өөр хувилбар ирэх ёстой юм болов уу гэсэн ийм сэтгэгдэлтэй байна. Харин Тэнгисболдын хамгийн наад талд байгаа 5 сум атгасан энэ хувилбарыг ерөнхийлөгчийн сүлд болгож болох юм гэсэн санаатай байгаагаа илэрхийлье.
Д.Баттулга:-Тэнгисболдын хийсэн туг бол зүгээр юм шиг санагдах юм. Хөх, цагаан, улаан зураастай. Сүлдэн дээр хоёр хоёр хувилбар гарч ирж байна л даа. Чүлтэм гуай, Тэнгисболд хоёрынхоос гадна энэ Үндсэн хуулийн төсөл дээр ариун цагаан цэцгээр суурилуулсан алтан соёмбо байна аа гэсэн ийм сүлдийг авсан байна. Зургийг нь зураагүй болохоос биш. Би хувьдаа Үндсэн хуулийн төслөөр байвал яасан юм бэ? Энэ алтан соёмбын талаар нэг талаас нь буруугаар нь тайлбарлавал тайлбарлачих, зөвөөр нь тайлбарлавал тайлбарлана л даа. Яаж л бол яаж тайлбарлах юм байна. ОХУ-ыг Кремлиэр, АНУ-ыг эрх чөлөөний хөшөөгөөр өнөөдөр төсөөлдөг. Монголыг алтан соёмбоор гадаад орнууд харж байгаа гэж би ойлгож байна. Энэ дээр 1, 2, 3 ч гэдэг юм уу ингэж бичээд Их хурал дээр шууд хэлэлцүүлбэл яасан юм бэ? Эндээс түүнийг нь авна, түүнийг нь авахгүй гэж хаяад байвал бас болохгүй байх аа гэсэн саналтай байна.
Г.Зуунай:- Миний зарчим бол энэ дээр их олон юм оруулснаараа сайн болохгүй. Хялбарчлах талаас нь бодоосой гэсэн ийм л санал хэлмээр байна. Маам гуай далбааг туг гэж тогтоосон байна. Тэр их зөв чиглэл. Туг сүлд хоёр манайд учир нь олдохгүй байгаа. Нэгэнт энэ чиглэлд комисс ахлаад ажилласан хүн үүнийг нэг мөр болгож тогтоож өгөх ёстой. Энэ хуульд тусгаж өгөх юм уу, ер яах юм бэ? Өөрөөр хэлбэл даавуун дээр хийсэн юмаа нэг ярьж байна манайх. Цагаан азарганы сүүл доош унжуулчхаад сүлд гээд одоо чинь энэ хоёр холилдоод учир нь олдохоо байлаа. Туг, сүлд хоёр. Далбааг ч болино. Тэгэхээр үүнийг энэ үзэл баримтлалаар, энэ үйл явдлаар нэг мөр болгох ёстой. Зарим түүхчид надад нэртэй устай ярьсан хүн бий. Чингисийн 9 хөлтэй цагаан туг гэж яриад байгаа. Цагаан туг бишээ. Ганц иштэй, ганц цагаан туг, 9 манжлагатай юм шүү гэж. Зарим нь болохоор 9 хөлтэй цагаан хийчхээд наадмаар тойрч давхиад байгаа шүү дээ. Одоо энд авчраад залчихсан. Тэгэхээр манай хэлнийхэн, түүхийнхэн, урлагийнхан, Маам гуай комисс толгойлсон хүн үүнийг нэг мөр болгох ёстой. Миний санал ийм байна.
Д.Лүндээжанцан:- Энэ хоёр төслийг Их хуралд алийг нь ч оруулахаас сэтгэл зовж байгаагаа илэн далангүй хэлье. Түрүүн Баттулга гишүүн хэлсэн, Үндсэн хуулийн төсөл дээр байгаа цагаан өнгийн цэцэгт суурилсан алтан соёмбо байх тухай. Энэнийг л би, эцсийн эцэст энэнээс өөр замгүй гэж миний хувьд ойлгож байна. Монголын их хүн Чингисийн үр сад Өндөр гэгээн соёмбыг төгс утгаар нь бүтээсэн. Гурван зуун жилийн тэртээд гарч ирсэн боловч гурван мянган жилийн тэртээгээс эхтэй, монгол угсаатан, монгол туургатан байсан цагт хэзээ ч байж байх, монголын бэлгэдэл, бишрэн шүтэх ийм дээд зүйл. Ийм учраас соёмбыг Монголын оройн дээд сүлд, хийморь гэж бодож байгаа Ардын их хурал / АИХ/ дээр энэ санал бодлоо хэлнэ. Монгол Улсын төрийн сүлдийг тэр ариун цагаан цэцгэн дээр суурилсан алтан соёмбо байвал яасан юм бэ гэсэн ийм саналтай байна.
С.Баяр:- Зураач
Тэнгисболдын хувилбарыг харахлаар үнэхээр эхлээд цочиж
байгаа юм. Цочирдох сэтгэгдэл төрж байгаа юм. Үнэхээр цочирдуулах
тийм хэлбэр орж ирж байна л даа. Тэгэхдээ бас ийм үг байдаг
даа. Аливаа шинэ санаа, буруу номын сургаал мэт анхандаа
тусдаг, аяндаа ижил дасал болоод эцэс сүүлдээ гэсэн ийм
сургаал байдаг юм байна лээ. Магадгүй тэр үүднээсээ аваад үзэхэд бол тэр буруу
номын сургаалын хэлбэрээр орж ирж байгаа шинэ санаа юм болов
уу гэсэн юм надад бодогдсон. Тэгээд ч ер нь аливаа шинэ зүйлийг дүгнэж,
цэгнэхдээ өөрийнхөө хэмжээнд буулгаж бүү үзээрэй, бүтээлийн хэмжээнд өнгийж
ойлгохыг хичээж байгаарай гэсэн багшийнхаа сургаал дагахыг би хичээдэг хүний хувьд Тэнгисболдын хувилбарыг илүү
таашааж үзэж байгаагаа ний нуугүй хэлье дээ. Солонгос улсын байгуулсан 4434
жилийн ойн баяр ёслолд зориулсан Элчин сайдын хүлээн авалтад морилон ирэхийг
урьж байна гэсэн урилга саяхан ирсэн, үнэхээр их сайхан тусч байна билээ. Тэр талаас нь авч
үзэх юм бол Монгол улс маань 70 жилийн өмнө ч
байгуулагдсан юм биш, 800 жилийн өмнө ч байгуулагдсан юм биш, түүхээр нь хөөх
юм бол 2000 жил хол давна гэсэн судалгаа бий. Тэр талаасаа Тэнгисболдын
хувилбарт энэ 2000 жилийн түүх маань тусч байгаа юм болов уу гэж санагдаж
байгаа юм. Хүннүгийн үед нар, сар, галыг их шүтдэг байсан., Чингисийн үетэй
холбоотой, цагаан шонхор шувууны дүрс байна. Занабазар өндөр гэгээнтэй
холбоотой соёмбын дүрс байна. Хамгийн гол миний олзуурхаж байгаа юм бол 20
дугаар зууны хэлбэрээр бүтээгдсэн байна. Хэлбэр зохиомж нь. Энэнийг бид бас анхаарах
хэрэгтэй. Нэг талаас ингэж гурван үеийг холбож өгсөн юм харагдаж байгаа юм.
Нөгөө талаас бас нэг зүйл гэвэл сүлд, далбаа, тамга гурав бол
нэг цогц болж чаджээ ойлгогдож байгаа юм. Энэ гурав
тархай бутархай байж болохгүй. Нэгдүгээрт өнгөний хувьд, хоёрдугаарт хэлбэрийн
хувьд, гуравдугаарт агуулгын хувьд. Үүнээс нэгийг нь салгах аргагүй ийм хувилбар
гарч иржээ. Ийм учраас миний санал юу вэ гэхлээр Тэнгисболдын оруулж ирж байгаа
далбааны хувилбар, тамганы хувилбар, сүлдэнд тэр таван сумыг атгаж байгаа тэр
хувилбарыг оруулж АИХ-д толилуулах нь зүйтэй юм болов уу гэж үзэж байна.
С.Баярцогт:- Энэ хоёр төслийг сүлдний хувьд харахад нэг нь үнэхээр сүр хүчтэй, нэг нь их даруухан тийм болсон байна. Сүр хүчтэйг нь харахлаар зэрэг яг энэ сүлдийг авчихмаар, гэхдээ нэг л юманд эмзэглээд байна. Яг ний нуугүй хэлэхэд, барууны үнэр үнэртээд байгаа юм. Яах аргагүй. Би энэнийг Америкийн сүлдтэй харьцуулаад ойлгуулах үүднээс, муучлах үүднээс биш ойлгогдож байгаа энд. Америкийн сүлд дээр бүргэд байдаг. Бүргэдийн цээжин дээр Америкийн туг байдаг, бүргэд нэг гартаа 13 сум, нэг гартаа навч барьсан байдаг. Дээд талд 13 од байдаг гэх мэтчилэн харах юм бол яг авцалдсан, зэрэгцэж буугаад байгаа юм. Тийм болохлоор ний нуугүй манайх чинь дандаа зөвлөлтийг дагадаг байсан, одоо ингээд хууль, бүх юмаа Америк талд ер нь хөгжиж байгаа орон гэх мэтчилэнгийн гэнэт хэтэрхий хүчтэй дагалдах шинж чанар гаргаж байгаа юм болов уу. Ухамсартай ухамсаргүйгээр. Ийм ойлголтыг төрүүлээд эмзэглүүлж байгаа, тийм болохоор энэнийгээ хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Тэгээд санаа аваад харьцуулж болно. Миний хувьд үнэхээр сүр хүчтэй , энэнд илүү татагдаад байна л даа. Сүр хүчтэй. Чүлтэм гуайнх бол илүү даруухан байна гэсэн ийм л санаа хэлээд байна. Туган дээр цагаан улаан хоёр зураасаар явчихвал, дөрвөлжин байж болно шүү дээ. Заавал хоёрны нэгийн харьцаатай ийм урт туг байна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй шүү дээ. Монгол Улс дөрвөлжин тугтай байж болох болов уу. Ер нь тэгээд энэ дээр бодож үзэх санаатай байна гэжээ.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж