УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-08-02 07:39:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийг хэлэлцжээ. Тэдгээрээс төрийн бэлгэ тэмдгийн талаар хэлэлцсэн тухай тэмдэглэлээс онцолсныг үргэлжлүүлэн уншигч танд хүргэе.


Р. Гончигдорж:- Манай хоёр уран бүтээлч өөрөө өөрсдийнхөө бодол сэтгэлээр Монгол улсын бүрэн эрхт байдал, түүний бэлгэ тэмдэг болсон төрийн сүлд, туг, тамганыхаа төслийг бидэнд өргөн толилуулж байна. Бид танилцлаа. Гишүүн болгон өөр өөрийнхөө бодол санааг илэрхийлж хэллээ. Эн тэргүүнд энэ хоёр уран бүтээлчдэд гүн талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. АИХ-ын хоёрдугаар чуулганд УБХ-аас хэлэлцүүлэхээр оруулах туг, сүлдний төслийн тараар бид ярилцаж байгаа журмынхаа дагуу бид хэрхэн сонголт хийх вэ гэдэг энэ асуудал дээр яръя. Тэгэхээр олон янзын санаа гарч байна. Ямар ч байсан бид АИХ-ын хуралдаан дээр туг, сүлдээ хэлэлцэж, тодорхой хувилбарыг сонгон батлах ийм учиртай энд зайлшгүй төсөл АИХ-ын хуралдаанд толилуулагдсан байх бөгөөд энэ нь мөн энэ Үндсэн хуулийн Бага хурлаас өргөн барих төсөлтэй хамт нэгэн адил хугацаанд баригдах ёстой. За ингээд өнөөдрийн оруулсан төслүүдийн талаар түүнийг Их хуралд олон хувилбар уу, нэг хувилбар уу гэдэг талаар санал хурааж үзье гэсэн ийм бодолтой байна. Эсвэл энэ төслүүдийг манай уран бүтээлчид өөрсдөө Бага хурлын гишүүдийн хэлсэн санал шүүмжлэлийн дагуу цаашид өөрчлөх, улам төгс төгөлдөр болгох талаас нь бодож, санаж, хийх, ийм боломж байгаа эсэх, тэгээд энэний дагуу өөр хувилбар Бага хуралд өргөн барих боломж байгаа эсэх талаас нь өөрсдийнх нь саналыг сонсох нь зүйтэй байх. Хэрэв боломж байна гэж үзэх юм бол дараа нь дахин хэлэлцэхээр асуудлыг түр хойшлуулж болох байна. Эсвэл өнөөдөр байгаа зүйл дээрээ сонголт хийх ийм хоёр хувилбар байгаа юм.


Д. Маам:-Энэ төрийнхөө манай хойморт залагдаад байгаа далбаагаа Болдын зурж ирсэн тугтай Их хуралд оруулъя гэдэг дээр санал хураая гэж бодож байна.

Р. Гончигдорж:- Зарим гишүүд ерөөсөө энэнийг өөрчилж, шинээр хийх ёстой, шинэ хувилбарыг боловсруулж оруулж ирэх учиртай гэсэн ийм санал яриад байна шүү дээ.

Б. Галсандорж:-Энэ санал хураагаад, асуудал шийдэгдээгүй байхад хүнийг хэрвээ тэгвэл өөрчилөх үү, үгүй юу гэж асуугаад эвгүй байдалд оруулах эвгүй байна л даа. Зүгээр нэлээд өөрчлөлт орж байсан түүх бий. Ер нь заавал дээрээс хэлэхлээр тэрийг дагаад өөрчилж байдаг, хүний ухаан бодолд нөлөөлж байдаг энэнийг ч бас бодолцох хэрэгтэй юм. Тийм уур амьсгал зарим хүний хэлсэн ярьсан юмнаас гарсан. Яг манай шүүмжлэл гаргаад, үнэхээр тэрэн дээрээ болсонгүй шүү гэдэг асуудал гараад ирсэн тохиолдолд тэр хүнд за би өөрөө болох юм аа гэж үзэж байвал тэр бол өөр асуудал юм. Дараа нь ярих асуудал Тийм учраас ямар ч байсан эрхэм гишүүн Маамын хэлдгээр санал хураалтаа үзмээр байна. Явж байна уу, үгүй юу, орвол хэн нэгийг авъя, авбал за энэнийг авъя, тэгэхдээ ийм өөрчлөлт хиймээр байх юм гэдэг санаа гарч ирээд, тэрийг нь хүлээж авъя, авахгүй бол авахгүй тэр маягаар нь явбал асан юм бэ, гэж байгаа юм. Эхлээд чи өөрчлөв үү, үгүй юу гэж тулгаад байж боломгүй байна.


Р. Гончигдорж:- Тулгах асуудал ерөөсөө огт тавиагүй. Туг нь дээр одоо байгаа Бага хуралд албан ёсоор томьёологдож байгаа хоёр хэлбэр байна. Нэг нь төслийн 12 дугаар зүйлийн 4-т байгаа хувилбар байна. Энэ хувилбарыг бид энд асуудал оруулж байгаа манай ардын зураач өөрөө дэмжиж байгаа хувилбар гэж танилцуулж байна. Нөгөө нь Тэнгисболд зураачийн толилуулж байгаа энэ хувилбар байна. Өөр албан ёсоор Бага хуралд орж танилцуулагдаж байгаа ийм хувилбар алга гэж ойлгогдож байна.

Д. Маам:- Энэ далбааг энэ чигээр нь авах бөгөөд соёмбын байршлыг өөрчилье гэсэн ийм санаа байгаа Энэнийг хэлэхгүй өнгөрч болохгүй байх.

П. Улаанхүү:- Монголын төр олон мянган жилийн уламжлалтай, тэгэхээр би соёмбыг хасах саналтай байгаа юм. Соёмбо байж байгаа нь бол дөнгөж Занабазарын үеэс түүх эхэлж байна гэсэн үг шүү дээ. Урьд талын хэсэг нь алга болчхож байна. Би яагаад энэ хоёр төслийг дэмжихгүй байна гэхээр хоёуланд нь соёмбо орчихсон байгаа байхгүй юу.


Лхагвасүрэн:- Ажлын комиссын гишүүний хувьд хэдэн үг хэлье. Тэгэхээр гол нь соёмбын тухай их маргаж байна. Энэ дээр ажлын комиссын зүгээс ч гэсэн, бидний зүгээс ч гэсэн соёмбыг байлгана гэж бодож байгаа. Яагаад гэвэл соёмбо өнө эртний бичгээс гадна Хүннү бичгээс хэдхэн дүү бичиг, энэнийг өндөр гэгээн Занабазарын цэгцлэн найруулж дахин боловсруулснаар энэ соёмбо, соёмбо үсгийн эхний үсэг болсон. Энэ бол Хүннүгийн сүлд тэмдгийг багтаасан ийм үсэг.

С. Батчулуун:- Чингисийн үеийн олон монгол аймгийн нэг аймгийн сүлд Тэр дотор Есүхэй баатрын аймаг тийм хүчтэй байгаагүй. Хамгийн хүчтэй аймаг Хэрээд аймаг байсан. Тэр нь бартай арслантай, янз бүрийн сүлдтэй аймаг байсан Тэрэн дотроос энэ шувуу заавал Дэй Сэцэний хэлснээр сүлдэнд аваад байгаа нь ямар учиртай юм бэ? Хоёр гэвэл цагаан шонхор монголд байдаггүй шувуу Харцагын төрлийн нэг шувуу мөн боловч манайд тун цөөн олдсон шувуу. Энэ утгаар нь энэ шонхор хийж байгааг хүлээж авахгүй байгаа юм. Төрийн далбаанд оруулаад дор нь цэцэг зураад байгаа тэр ямар бэлгэдэлтэй юм бэ?

Б. Лхагвасүрэн:-Шонхор бол манай оронд байдаг шувуу. Манай амьтан судлаачдын тооцсоноор 13 төрлийн шонхор шувуу байгаа.


Ц. Элбэгдорж:-Би тодорхой санал тавимаар байна. Эхлээд төрийнхөө сүлдийг сонгож авъя. Энэ дээр санал хураая. Дараагаар нь тугаа сонгож авъя. Тугныхаа өнгийг сонгож авъя. Гурван цэнхэр тасархайг нь сонгож авъя. Ямар байх юм. Улаан байх юм уу, тийм байх юм уу. Дээр нь соёмбо байх уу энэнийгээ сонгож авъя. Ингээд явах юм бол их тодорхой аятайхан болох байхаа. Бид нар бөөнд нь санал хураагаад, бөөнд нь авч явчих гээд байгаа ингээд байгаа дээр бидний удаашрал гараад байна уу даа гэж бодож байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт АИХ-д нэг төсөл оруулах ёстой. Төрийн эрх барих дээд байгууллага Бага хуралд энэнийг шийдэх ёстой. Түүнээс биш АИХ-д хоёр төсөл оруулж, хоорондоос нь сонгуулах барих гэсэн ийм юм баймааргүй байна. Нэг л төсөл орох ёстой.


Г. Зуунай:- Их хурал дээр батлагдаж шалгарах юмыг бага хурал дээр уралдаж байна гэж бодож байна. Хоёр хүнийг нь үлдээсэн учраас одоо энд нэгийг нь авчихаар Их хурал дээр ганц морь уралдах болчхоод байна. Тэгээд хүлээн зөвшөөрөхгүй бол дахиад ярих юм байхгүй.Тийм учраас хоёрдугаар хувилбар бол заавал байгаасай гэж би бодож байна. Сүлдний хувьд бодох ярих, шувууны тухайд юм их байна. Далбааны хувьд Тэнгисболдынх гарцаагүй илүү гэж бодож байна. Энэ дээр их цаг алдмааргүй байна.Тийм учраас Их хураалд хоёуланг оруулаад л үзье. Өөрөөр хэлбэл бид айгаад байх шиг байна. Яагаад гэвэл будилаан болно ч гэдэг юм уу. Одоо аль нэг нь тэнд очоод илүү ярьчих байх үнэн сайн, үнэн тайлбарлаж чадвал тэнд үнэн ялна.


Б. Галсандорж:- Энд хоёр гол асуудал дээр маргаад байх шиг байгаа л даа. Тэгэхээр энэ...

Г. Зуунай:- Дарга аа уучлаарай би гүйцээгээдэхье. Соёмбоос татгалзахыг Монгол улсаас татгалзахтай тэнцүү гэж ойлгож байна.

П. Улаанхүү:- Зуунай гуай бие биеэ сүрдүүлэхээ больё.

Б. Галсандорж:-УБХ бол АИХ-ыг төлөөлж байгаа их том төлөөлөгч гэж ойлгож байгаа. Тэр утгаар нь авч үзэх юм бол эндээс төрийн бодлого, Бага хурлын байр суурь ганцхан гарах ёстой. Олон салаа биш ганцхан байх ёстой, тэр утгаараа бол бид ерөөсөө нэгийг авах уу, хоёрыг авах уу гэдэг дээр маргана гэдэг бол миний хувьд ойлгомжгүй байна. Бид үгээ хэлэх ёстой, тэрийгээ бид Их хурал дээр оруулах ёстой гэж ойлгож байна. Далбаан дээр байгаа бүх элементүүд бол Тэнгисболдын тугна дээр бүгд байгаа юм. Ганцхан таван хошуу нь байхгүй. Харин энэ дээр бидний бодож байгаа, ойлгож байгаа, хүсэж байгаа, зорьж байгаа тэр илэрхийлэл бүгд бууна шүү дээ гэсэн ийм ойлголт байгаа юм.


Б. Чимид:- Бид эндээс нэг төсөл оруулна. Бага хурал өөрийнхөө төслийг оруулалгүй болохгүй.Тэгээд нөгөөх нь очоод унавал бэлтгэл нөөцтэй байхгүй бол болохгүй. Депутатууд гар өргөөд баталдаг, баталж өгдөггүй дахиад нэгийг гаргаад ир гэдэг. Би гэх хүн их ховор гарна. Тэрийг боловсруулах хүн цөмөөрөө зугтааж магадгүй. Хийгээд ир гээд. Ийм учраас жаахан, засаж чадахгүй бол хуучин дээрээ бууна Бид янз бүрийн статус бодох ёстой. Судалгааны дүн хуучнаараа төсөл дээр 50 гаруй хувь байгаа . Төсөлд хамаатай гэдэг нь 40 хувь байна. Хуучнаараа гэдэг нь54, 1 хувь, 5000 хүнээс авсан ийм судалгаа. Ийм учраас яах вэ зүгээр нэг хоёр гэж тогтоогоод,  тогтсон дээрээ төслөө хийгээд явуулж нэг болж байна. Хэрэв тийм санал гарч чадахгүй бол одоогийн ард түмнээр хэлэлцүүлсэн төслөө тэр чигээр нь Их хуралд оруулах ийм санал байна. Ер нь байдлаас яаж гарах вэ гэдгийгээ л бодох ёстой. Одоо ингээд бид энэ хоёрын тодорхойлолтгүй сууж байна. Энэнийг чинь тодорхойлдог, албан ёсоор нэг, хоёр, гурав, дөрвөн хуудас болно. Тэр тодорхойлолтыг Их хурал дээр тараасан байна. Том төсөл хийгдэх ёстой шүү дээ. Хэмжээ, дамжаа өнгө, бүх юмыг нь хуульчилж байж оруулах ёстой. Энэний цаад талд бэрхшээл бий шүү. Тэр маань нурчихвал ерөөсөө Их хурал чинь 21 хоногоор барахгүй 21 хоногт зурсаар байж таарах ийм байдал харагдах юм. Тийм учраас жаахан хашир үзсэн дээр байхаа гэж ингэж бодож байна. Тодорхой төслүүд дээр санал өгч байгаа.


О. Дашбалбар:- Монгол улсын төрийн далбаа хийгээд сүлднээс соёмбо ямар нэг хэмжээгээр үнэхээр хасагдах юм бол эмгэнэлт явдал болно шүү. Тийм учраас соёмбо байхгүй болно гэвэл монгол улсын хамгийн чандын чанд хэдэн зуун мянган жилийн турш хадгалж ирж байгаа тэр нууцыг, хутагт, хувилгаад, бэлгийн дээд мэргэдийн зохиосон тэр юмыг бид хэд энд өнөөдөр байхгүй болгоё гэж ярьж байна гэдэг бол ер нь эцийн эцэст би Зуунай гуайтай санал нэг байна.

Монгол улсын эцэг дээдсийнхээ оюун санааны хамгийн эрхэм дээд эрмэлзлээс урваж байгаатай адил гэж тооцогдоно шүү. Ард түмнийхээ санаа бодлыг ойшоох хэрэгтэй байна. Соёмбо байхгүй болсон туг, соёмбо байхгүй болсон сүлдийг монголын ард түмэн хэрхэн хүлээж авах бол гэдгийг анхаараасай гэж бодож байна. Ямар ч байсан гэсэн соёмбо социализмын үеийн эд биш гэдгийг би давтан хэлье.


Р. Гончигдорж:- Эхлээд тугаа хэлэлцэх үү, сүлдээ хэлэлцэх үү, туг, сүлд хэлэлцэхийн дарааллын асуудал. Зарим нь ерөөсөө туг, сүлд, тамгыг цогцолбороор нь 3 зүйлтэй зүйл дээр цогцолбороор нь санал хураая гэсэн 3 янзын хувилбар гарч байна. Түүнээс гадна зарим гарч байгаа санаанууд бол жишээлбэл тугийн дэвсгэр дээр нь, дараагаар нь тугна дээрээ байрлах бэлгэдлийнх нь гэж тус тусад нь залгаж, тэгээд энэ дээр дараагаар нь олонхын санал авснаар нийлсэн нийлбэр болгож гаргаж ирэх ийм санал гаргаж байна. Энэ бол мөн Элбэгдорж гишүүн гаргаж байгаа санал. Тэгэхээр одоо хэлэлцэхийн хувьд хамгийн бэрхшээлтэй нь, харьцангуй хялбар байгаа нь туг байна. Дараагийн бэрхшээлтэй байгаа нь сүлд байна. Тийм учраас тугна дээр ярьж байснаа үргэлжлүүлээд тугийнхаа тухай шийдлээ ахиж санал хураая. Хоёр төсөл байгаа. Тэнгисболдын төсөл. Таван хошуутай төсөл хэтэрхий цөөнх байна. Тийм учраас энэ дээр дахиж ярих шаардлагагүй. Тугна дээр Тэнгисболдын төслийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 21,
  • татгалзсан 13,
  • түдгэлзсэн 4, ийм саналтай байна. 

Саяныхаа саналыг дахиад хураая Галсандорж хэн хоёр орж ирэг л дээ. 

  • зөвшөөрсөн 21,
  • татгалзсан 13,
  • түдгэлзсэн 5, олонхын дэмжлэг авч байна. 

Хоёр санал байгаа Чүлтэм гуайн төслийг дэмжиж байгаа дээр эхлээд санал хураалт явуулъя. 

  • зөвшөөрсөн 4,
  • татгалзсан 26,
  • түдгэлзсэн 10,

Тэнгисболдын төслийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя. 

  • зөвшөөрсөн 20,
  • татгалзсан 13,
  • түдгэлзсэн 6, олонхын дэмжлэг авч байна.

Эхний сүлдний танилцуулсан дундаа соёмботой хувилбар байх ёстой гэдгийг бүгд ойлгож байгаа байх. Тэр утгаар сүлдэнд нэг хувилбар оруулж байна шүү дээ.


Г. Зуунай:- Энэ хувилбар дээр санал хураасан бол би саналаа авлаа. Тэгж бодож өгөөгүй шүү. Тэр чинь хоёр хувилбар байгаа. Тэнгисболдын хоёр хувилбар дээр чинь хүмүүс будилаад байна.

Р. Гончигдорж:- Тэнгисболдын хоёр хувилбар байгаа. Нэг нь соёмботой нөгөө нь соёмбогүй байгаа.

Ц. Товуусүрэн:- Соёмботой, соёмбогүй гэж санал хураалгана дарга аа.

Д. Чилхаажав:-Сумтай, сумгүй гэж бас байгаа.

Б. Галсандорж:- Энэ чинь нэг хүний нэг идей явж байгаа шүү дээ. Хоёр өөр хувилбартай ганц нэг зүйл нь өөр байгаа. Нэг хүний идей явж байгаа учраас алийг нь сонгох вэ гэдгийг Их хуралд үлдээчихвэл яасан юм бэ?

Р. Гончигдорж:- нэг хүний идей гэж үзээгүй шүү дээ.

С. Баяр:- Энэ дээр санал өгөхөд бас нэг бэрхшээл байна. Яагаад гэвэл надад хувьдаа таван сумтай хувилбар нь илүү байгаа юм. Гэхдээ тэнд соёмбо үгүйлэгдээд байгаа юм. Тэгэхдээ бид саналаа хураахдаа нэгэнт энэ хувилбарыг сонгосон юм чинь ямарт байсан соёмботой байна гээд хураах юм бол тодорхой болж өгнө байх. Тэгэхүй бол яг энэ хоёр туйл уруу аваачиж хийчхээд байна шүү дээ. Тэр цээжин дээр нь соёмбо байх нь зүйтэй юм уу.


Р. Гончигдорж:-Соёмбо нь байна гэсэн хувилбараар нь сонгоод хэлэлцүүлгээ эхэлье. Тэнгисболдын сүлдний төсөл 2 хувилбартай байгаа. Эхлээд тэр тугтай хамт зурагдсан тэр төслийг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 13,
  • татгалзсан 18,
  • түдгэлзсэн 6, 

Тэр сумтай хувилбарыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя. 

  • зөвшөөрсөн 23,
  • татгалзсан 8,
  • түдгэлзсэн 6, энэ олонх нь байна.

П. Улаанхүү:- Тэнгисболдын төсөл дээр соёмбын оронд нар, сар, гал нэг санал хураалгаж өгөхгүй юу?

Р. Гончигдорж:- Ингээд асуудлаа дуусгая. Тамга энэ тэр нь байхгүй. Уучлаарай төрийн тамган дээр төсөл байна. Би эндүүрч байна. Төрийн тамга цагаан шонхрын дүрс бүхий бариултай дөрвөлжин хэлбэртэй түүний голд Монгол Улсын сүлдийг дүрсэлсэн сүлдний хоёр талаар Монгол улс гэсэн бичиг бүхий байх ба түүнийг Улсын Ерөнхийлөгч барина гэсэн ийм тамганы бичлэг энд байна.

Я. Яндаг:- Тамган дээр Монгол Улсын их хөх тамга гэсэн тийм үг байгаа шүү дээ. Монгол Улс гэх үү их хөх тамга гэвэл илүү зохимжтой байгаа юм л даа.

Р. Гончигдорж:- Тамганы төсөл дээр санал хураая. Төсөл дээр байгааг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 26,
  • татгалзсан 7,
  • түдгэлзсэн 3, гэжээ.
    • Үргэлжлэл бий.                                                                    
    •  Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж
Холбоотой мэдээ