БНСУ-д халдварын шинэ тохиолдлын тоо дөрвөн сарын дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-17 11:49:31

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын дэд хувилбарын тархалтын улмаас өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн дөрвөн сарын дээд үзүүлэлтэд хүрч өсжээ.


Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 180 803 тохиолдол илэрсэн нь дөрөвдүгээр сарын 13-наас /195 387 тохиолдол/ хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр халдварын нийт тохиолдлын тоо 21 682 816-д хүрсэн байна.


Мягмар гарагт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоог өмнөх өдрийнхтэй /84 128 тохиолдол/ харьцуулахад хоёр дахин өссөнөөс гадна долоо хоногийн өмнөхөөс 20 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн хоногт халдвараар нас барсан өвчтөнүүдийн тоо 42-оор нэмэгдэж, ийм тохиолдлын нийт тоо 25 332-т хүрчээ. Энэ нь халдварын нийт тохиолдлын 0.12 хувьтай тэнцэж байна. 


Зуны амралтаараа аялж зугаалах хүмүүсийн тоо нэмэгдсэний зэрэгцээ үндэсний баярын амралт тохиосноос үүдэн энэ долоо хоногт өвчлөл нэмэгдэх төлөвтэй байгааг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Мөн хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдлын тоо сүүлийн үед илэрхий өсөх болсон бөгөөд мягмар гарагт бүртгэгдсэн тохиолдол нь тавдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт болжээ.


БНСУ-д "COVID-19" халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг цуцлаад байсантай зэрэгцэн “омикрон” хувилбарын “BA.5” дэд хувилбар хурдацтай тархсанаас үүдэн долоодугаар сараас халдварын шинэ давлагаа дэгдээд байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт нийт өвчлөлийн 87.9 хувь нь “BA.5”-аар халдварласан байсан нь өмнөх долоо хоногийнхоос 11.6 хувиар өсжээ.


Мөн хүнд өвчтөнүүдийн тоо ирэх сарын эхээр 900 давж, өдөрт нас барах хүний тоо 140-д хүрч болзошгүйг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд “MSD” компанийн дотуур ууж хэрэглэдэг “лагеврио”  эмээс 50 мянган тунг татан авахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ