Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Америкийн гурван эдийн засагч хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-11 09:44:55

СТОКХОЛМ. /VOA/. Шведийн Шинжлэх ухааны академи Нобелийн дурсгалд зориулсан Эдийн засгийн салбарын энэ оны шагналыг “банк, санхүүгийн хямралын талаарх судалгааных нь төлөө” АНУ-ын гурван эдийн засагчид хүртээхээр болсноо даваа гарагт мэдэгдлээ. 


АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн асан Бен Бернанке, Чикагогийн их сургуулийн профессор Дуглас Даймонд, Сент-Луис хот дахь Вашингтоны их сургуулийн профессор Филип Дибвиг нар энэхүү нэр хүндтэй шагналын эздээр тодорсон байна.


Энэ жилийн шагналтнууд “банкуудын эдийн засагт, ялангуяа санхүүгийн хямралын үед гүйцэтгэх үүргийнх нь талаарх бидний ойлголтыг эрс сайжрууллаа. Банк дампуурахаас зайлсхийх нь яагаад амин чухал болохыг харуулсан нь тэдний судалгааны гол ололт юм” гэж Шинжлэх ухааны академи мэдэгджээ.


Б.Бернанке, Д.Даймонд, Ф.Дибвиг нарын хийсэн судалгаа шинжилгээний эхлэл нь 1980-аад оны эхэн үед хамаарч байгаа бөгөөд тэдний ололт нь “санхүүгийн зах зээлийг зохицуулах, санхүүгийн хямралыг даван туулахад томоохон практик ач холбогдолтой байсаар ирсэн” гэж академийн мэдэгдэлд дурдсан байна.


Энэхүү мэдэгдэлд тэмдэглэснээр, Д.Даймонд, Ф.Дибвиг нарын онол нь банкууд хэрхэн оновчтой системийг санал болгож, “олон хадгаламж эзэмшигчээс хадгаламж хүлээн авах зуучлагчийн үүрэг гүйцэтгэснээр хадгаламж эзэмшигчдэд хүссэн үедээ мөнгөө авах боломжийг олгохын зэрэгцээ зээлдэгчдэд урт хугацааны зээл олгох боломжтой” болохыг харуулж байна.


Д.Даймондын хувьд мөн банкууд хэрхэн “зээлдэгчдийн зээлийн чадварыг үнэлж, зээлийг сайн хөрөнгө оруулалтад зарцуулж байгаа эсэхийг баталгаажуулах” замаар хадгаламж эзэмшигчид болон зээлдэгчийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэснээр нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулсан гэж шагнал гардуулах хорооноос мэдээлжээ.


Академийн мэдээлснээр, Б.Бернанке орчин үеийн түүхэн дэх хамгийн том хямрал болох 1930-аад оны Их хямралд дүн шинжилгээ хийж, банкны үйл ажиллагаа “хямрал гүнзгийрч, удаан үргэлжлэхэд шийдвэрлэх хүчин зүйл байсныг” харуулсан байна.


Б.Бернанке “банкууд уналтанд орох үед зээлдэгчдийн талаарх үнэ цэнтэй мэдээлэл алдагдаж, хурдан сэргээх боломжгүй болсноос" үүдэн “нийгмийн хуримтлалыг үр ашигтай хөрөнгө оруулалт руу чиглүүлэх чадвар эрс буурсан” гэдгийг харуулжээ. Шагналтнууд 900 мянган ам.долларыг хуваан хүртэх юм.


Альфред Нобелийн гэрээслэлд эдийн засгийн салбарын шагналын талаар тусгаагүй байсан бөгөөд Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төв банкны шагнал гэж албан ёсоор нэрлэдэг энэхүү шагналыг тус банк 300 жилийн ойдоо зориулан 1968 онд санаачилж, анхны шагналыг 1969 онд гардуулсан түүхтэй. 

Холбоотой мэдээ