С.Бямбацогт: Олон чиглэлд хямд үнээр нисэх боломжийг бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-11 12:32:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нисэхийн компаниудын үйл ажиллагааг тогтворжуулахад шаардлагатай 145 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг 7 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай дэмжлэг болгон олгохоор шийдвэрлэжээ.


Тодруулбал, Засгийн газар 11 тэрбум төгрөгийн зээлийн хүүг хариуцаж буйг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр нисэхийн удирдлага, сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгдлээ.


Тэрбээр, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого”-д иргэний агаарын тээвэрт транзит болон эцсийн чиглэлтэй агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх зорилт тусгасан. Мөн Боомтын сэргэлт”-ийн хүрээнд бүс нутгийн карго тээврийн зангилаа үүсгэх, цаашид ачаа тээврийн стратегийн гарц бүрдүүлэхээр заасныг тодотголоо.


Түүнчлэн ирэх оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор салбарын сайдын хувьд агаарын тээврийн салбарт хамгийн олон чиглэлд, хамгийн хямд үнээр, аюулгүй, ая тухтай зорчдог байх бодлого баримталж байна гэв.


ЗТХЯ орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээнд улсын болон орон нутгийн төсөв, навигацийн орлогоос зохицуулалт хийх замаар татаас олгохыг шийдвэрлэхийг зорьж байгаа аж.


Өнөөдөр нислэг гүйцэтгэж байгаа гадаад улсын нисэх буудалд шатахуун 1 тонн нь 1150-1280 ам доллар, Улаанбаатарт 1660 ам.долларын үнэтэй байгаа. Тэгвэл агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтийг төрийн зохицуулалтад оруулж, шатахууны тасалдал, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авснаар тонн тутамдаа 300-500 ам.доллароор буурах боломж бүрдэх юм байна. Агаарын тээвэрлэгчдийн нийт зардлын 40 гаруй хувийг эзэлж буй агаарын хөлгийн шатахууны үнийг 1 тонн тутамд 1 сая гаруй төгрөгөөр бууруулахад орон нутгийн тийзийн үнэ 5-8 хувь буурах тооцоолол гарчээ. Ингэснээр нислэгийн тоо нэмэгдэж, орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулахад ихээхэн дэмжлэг болно гэж ЗТХЯ үзэж байна.


Цаашид дотоодын нислэгийн үнэ тарифыг өөр ямар арга замаар, хэрхэн яаж бууруулах талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогтоос тодруулахад тэрбээр, "Дотоодын нислэг дээр бид орон нутгийн зорчигчдыг 50 хувийн хямдралтай үнийн тарифаар үйлчлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор шийдэгдээгүй байна. УИХ дээр ярьж шийднэ.


Өнөөдрийн байдлаар Ховд, Баян-Өлгийн чиглэлд үндсэндээ дотоодын нислэг хийж, хоёр талдаа 1-1.5 сая төгрөгийн үнээр нисч байна. Энэ тал дээр бид тодорхой бодлого бариад, нэг талдаа 700-750 мянган төгрөгөөр нисэх бодлогыг хэрэгжүүлж чадах юм бол орон нутгийн иргэд 250 мянган төгрөгөөр зорчих бололцоотой болно. Энд нийслэлийн болон гадаадын зорчигч нар хамаарахгүй. Зөвхөн алс хол, машинаар явах боломжгүй, хөгшид, хүүхдүүд орон нутгийн иргэдээ дэмжсэн ийм бодлого барихаар төлөвлөж байна" гэв. 


Холбоотой мэдээ