Монгол, Япон улсын агаарын харилцаа, аялал жуулчлалыг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-11 15:56:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар “Жапан Эйрлайнс” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, 2 орны агаарын харилцаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцлоо.


Монгол Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг сайд С.Бямбацогт дурдаад, 2 улсын агаарын харилцаа, аялал жуулчлалыг тогтмол нэмэх саналаа илэрхийлэв.

Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд 1993 оны 11 дүгээр сарын 25-нд агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ. Агаарын харилцааг либералчлах, нислэгийн давтамж, чиглэл нэмэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол-Япон хоорондын нислэгийг 7 хоногт 9000 суудлын багтаамж, 30 хүртэлх давтамж болгон нэмэхээр өмнө нь тохиролцжээ. Мөн “Жапан Эйрлайнс” компанийг зөвхөн чартер биш дулаан улиралд Монгол Японы хооронд тогтмол нислэг үйлдэх, МИАТ компанийн нисгэгч, инженер, техникийн ажилчдыг сургаж, дадлагажуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.


Хэлэлцээрийн хүрээнд жилд 438 000-1 010 000 суудал нийлүүлэх боломжтой болсон тул нөөц бололцоогоо ашиглан талууд аялал жуулчлалыг хөгжүүлэх, 2 орны худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэхэд  гүүр болж ажиллахаар тогтсоныг ЗТХЯ мэдээллээ. 


Сайд С.Бямбацогт “Жапан Эйрлайнс” компанийг 2 орны агаарын харилцааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, Япон иргэдийг Монгол Улсад аялахыг дэмжих, Улаанбаатар чиглэлд нислэгээ эхлүүлэх цаг ойрхон гэж найдаж байна гэв.



Ташрамд дурдахад МИАТ" ТӨХК одоогоор Токиогийн чиглэлд, мөн “Аэромонголиа” ХХК нь 2019 онд Токио, Фукуока, Осака чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдсоноор 2021 оноос Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлдэж байна.


Монгол Японы агаарын тээвэрлэгч нар Код шэйр буюу аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар “Жапан Эйрлайнз” компанитай хамтран Канад, Вьетнам, Австрали, Сингапур, Энэтхэг, Японы орон нутгийн чиглэлд маркетингийн агаарын тээвэрлэгчээр зорчигч тээвэрлэх боломж бүрдээд байгаа аж.

Холбоотой мэдээ