ДОРНОД: Сүүлийн гурван жилийн хугацаанд 400 гаруй иргэн, ААН-д хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлэмж олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-14 14:33:14

Дорнод /МОНЦАМЭ/. Өрх бүр хэрэглээний ногоогоо өөрсдөө тарих, илүүг нь худалдах боломжийг бүрдүүлэх зорилгоор Дорнод аймагт сүүлийн гурван жилийн хугацаанд 400 гаруй иргэн, ААН-д хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлэмж олгожээ. 


Тухайлбал, 2020 онд 30 хүлэмж, 2021 онд 87 хүлэмж олгож байсан бол 2022 онд “10 мянган хүлэмж” төслийг хэрэгжүүлснээр 517 сая төгрөгийн санхүүжилтээр 311 иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлсэн байна. Харин ирэх онд орон нутгийн 657 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 400 ширхэг хүлэмж байгуулахаар төлөвлөж байгаа гэж ХХААГ-аас мэдээллээ.


Тус аймаг 24 мянга гаруй өрхтэй, харин аймгийн хэмжээнд “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл”-д 23 ААН, 1246 өрхийн тариаланч бий. Тиймээс цөөн тооны тариаланчдаа харж суухгүйгээр хүнсний ногооны нэр төрөл, өрхийн аж ахуйг нэмэгдүүлснээр ирэх таван жилд хэрэгцээт хүнсний ногооны 50-иас доошгүй хувийг орон нутгийн үйлдвэрлэлээс хангахаар зорьж байгаа юм.


“10 мянган хүлэмж” төсөлд өрхийн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тариалан эрхлэгч иргэн, ААН, хоршоо, нөхөрлөл хамрагдах боломжтойгоос гадна эхний ээлжинд 0.7 га өмчлөлийн болон бусад эзэмшлийн ногоо тарих газартай, ус, усалгааны эх үүсвэрээ шийдсэн байх шаардлагыг тавьж байгаа аж. Түүнчлэн өрхийн үйлдвэрлэлээс гадна ногоо тариалах талбайн хэмжээ, өртөг өндөр нарийн ногоогоор хангах, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, борлуулалтыг дэмжих үүднээс Дорнод аймаг, сумын иргэдийн хүнсний хэрэгцээний хангамжийг дотоодоосоо хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Холбоотой мэдээ