ГОВЬ-АЛТАЙ: 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-11 12:16:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт 5 хүртэлх насны хүүхдийн томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаа тухай Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эмч Б.Алтантуяа мэдээлэв.


Сургууль, цэцэрлэг хичээллэж эхэлсэнээс хойш томуу, томуу төст өвчин гарч эхэлсэн ч сүүлийн үед улирлын чанартай дэгдэлт нэмэгдэж ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд ихэвчлэн өвчилж байгаа тухай тэрээр онцлон хэлж байлаа. 


Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс хүүхдийн амбулаторийг нэмж, хоёр эмч үзлэг оношилгоо хийж байгаа гэнэ. Өдөрт нэг амбулаториор дунджаар 30-40 хүүхэд мөн өдөр бүр жижүүр эмч, хүүхдийн эмчийг 24 цагаар ажиллуулж байгаа аж. Сүүлийн долоо хоногийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нийт үзлэгийн 5,6 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Харин тус эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй нийт хүүхдийн 50-аас дээш хувь нь амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.


Сүүлийн үед өндөр халуурч, хоолой нь сөөнгөтсөн, гүйлгэх, бөөлжих гэх мэт эмнэлзүйн хам шинжтэй хүүхдүүд эмчид хандаж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дур мэдэн гэрээрээ антибиотикийн төрлийн эм өгч хүндрүүлснийхээ дараа эмнэлэгт ирж байна. Томуугийн 200 гаруй төрлийн вирус байдаг учир дээрх шинж тэмдэг илэрсэн л бол хамгийн ойр байгаа сум, өрхийн эмнэлэг болон Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө аван тохирсон эмчилгээг хийх нь зүйтэй.


Таны хүүхэд амьсгалын замын өвчнөөр өвчилсөн л бол сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй дулаан байлгаж, шим тэжээлтэй хоол унд хэрэглүүлэх, халуун бүлээн шингэн ойр ойрхон уулгах гэх мэт асаргаа сувилгааг маш сайн хийх хэрэгтэй. Хамгийн чухал нь мэргэжлийн эмчийн зөвлөмжийн дагуу эм хэрэглээрэй хэмээн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эмч Б.Алтантуяа анхаарууллаа. 


Холбоотой мэдээ