АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт өндөрлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-11-14 08:55:06

ПНОМПЕНЬ. /NHK/. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ гишүүн орнууд болон Япон, АНУ, БНХАУ тэргүүтэй орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Камбожийн нийслэл Пномпень хотод энэ сарын 11-13-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.


Сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаагаа биечилсэн хэлбэрээр явагдсан энэхүү уулзалтад Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.


Уулзалтын эхний өдөр АСЕАН-ы удирдагчид өнгөрсөн оны хоёрдугаар сард цэргийн эргэлт гарснаас хойш цэргийнхэн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийн эсрэг хүч хэрэглэж буй Мьянмарын нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.


Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АСЕАН болон Мьянмарын цэргийнхэн тус улсад энх тайвныг цогцлоохын тулд тохиролцсон таван заалт бүхий зөвшилцлийн дагуу хүлээсэн үүрэг амлалтаа нотолжээ. Үүнд хүч хэрэглэхийг нэн даруй зогсоохыг уриалсан юм.


Гэвч удирдагчид тус баримт бичгийн хэрэгжилтэд “тун бага ахиц дэвшил” гарсныг онцлоод, Мьянмарын цэргийнхэнд үүрэг амлалтаа биелүүлэхийг уриалжээ. Мөн “тодорхой, бодитой арга хэмжээ авах” төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэсэн байна. Харин Мьянмарын армийн хэвлэлийн төлөөлөгч гаргасан мэдэгдэлдээ улсынх нь төлөөллийг оролцуулахгүйгээр ийм шийдвэр гаргасныг эрс шүүмжилжээ.  


Цагаан ордоны мэдээлснээр, Ж.Байден мөн Пномпень хотноо ням гарагт болсон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр Мьямнарт "нөхцөл байдал улам дордож байгаад санаа зовниж буйгаа" илэрхийлсэн байна. Мөн Ерөнхийлөгч таван заалт бүхий зөвшилцлийг хэрэгжүүлэхийн тулд Мьянмарын цэргийнхэнд үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхийг тулд нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэйг цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ