ГОВЬ-АЛТАЙ: Өсвөрийн мянган бөхийн барилдаан Алтай хотод болж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-11-26 19:30:20

Говь-Алтай  /МОНЦАМЭ/.  Өсвөрийн мянган бөхийн барилдаан энэ өдрүүдэд Алтай хотноо болж буй бөгөөд 11 дүгээр сарын 26-нд нээлтээ хийлээ.


“Хантайшир” бөхийн дэвжээнээс санаачлан зохион байгуулж буй Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Р.Давааням агсаны нэрэмжит “Түмний манлай-2022” үндэсний болон чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо. 

Тэмцээнийг нээж аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат  үг хэлж, зохион байгуулагч болон оролцогч хүүхдүүдэд амжилт хүслээ. Нээлтэд Японы сумогийн 70 дахь их аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүн Д.Бямбадорж, Монгол Улсын гарди Н.Ганбаатар, ЦЕГ-ын дэд дарга, бригадын генерал Р.Отгонжаргал, аймгийн Засаг даргын зөвлөх Д.Батбилэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал нар оролцлоо.

Барилдаанд 10 аймаг, клубийн нийт 29 байгууллагын 1022 тамирчин үндэсний бөхийн гурван насны ангилал, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй 29 жинд  өрсөлдөж байна. 

Монгол Улсын Гавьяат тамирчин, “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүн  Д.Бямбадорж  тус тэмцээнд шавь нараа бэлтгэн оролцуулж буй бүх дасгалжуулагч багш нарыг  мөнгөн шагналаар шагнаж буйгаараа ихээхэн онцлогтой юм.