АРХАНГАЙ: Аймаг 10.7 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 12.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-29 19:54:28

Архангай /МОНЦАМЭ/. Аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор энэ оны 9 дүгээр сард аймгийн төсөвт 22.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 24.2 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 130 хувиар давуулан биелүүлсэн байна.


Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 10.7 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 12.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 128 хувиар давуулан биелүүлжээ. Ирэх 2023 онд аймаг өөрөө 14,8 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, улсаас 17,5 тэрбум төгрөгийн дэмжлэг авч, аймгийн удирдлагын салбарын зарлага 32,3 тэрбум төгрөг байхаар тооцоолсон.


Аймгийн төсвийн орлогын 49.3 хувийг тусламжийн орлогоор, 24.6 хувийг орлогын албан татвараар, 5.1 хувийг хөрөнгийн албан татвараар, 15 хувийг бусад албан татвараар, 5.5 хувийг татварын бус орлогоор, 0.5 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна. 


Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний зарлагын хэмжээг 22.9 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 19.7 тэрбум төгрөгийн зарлага гаргаж, төлөвлөгөөний биелэлт 85.9 хувьтай байна. Нийт бараа үйлчилгээний зардлаас 41.8 хувийг цалин хөлсөнд, 5.2 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 53.0 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.


Орон нутгийн төсвийн нийт зарлагыг эдийн засгийн салбараар харвал 75.0 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 23.0 хувийг боловсролын салбарт, 2.0 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулаад байна.

     

Холбоотой мэдээ