СҮХБААТАР: Засаг даргын хоёр зөвлөхийг ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-01 10:40:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2022 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Төрийн хэмнэлтийн тухай хууль Сүхбаатар аймагт хэрхэн хэрэгжиж байгаа талаар аймгийн Засаг дарга М.Идэрбатаас тодрууллаа.


Тэрбээр хэлэхдээ, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг Сүхбаатар аймаг тодорхой зүйл, заалтынх нь дагуу хэрэгжүүлж эхэлсэн. Аймгийн Засаг дарга өнгөрсөн хугацаанд хоёр орлогч, хоёр зөвлөхтэй байсан бол нэг орлогчоо ажлаас нь бүрэн чөлөөлж, хоёр зөвлөхөө чөлөөлөх саналыг холбогдох газарт хүргүүлсэн. Энэ ажил хууль дүрмийн дагуу, ондоо багтаж хийгдэнэ.

Унаа машин цэгцлэх, хураах ажил мөн хийгдэнэ. Гэхдээ үүнийг маш сайн төлөвлөж байж хэрэгжүүлэхгүй бол түрүүчээсээ төрийн ажил удаашрах, аливаа хүндрэл үүсч эхэлсэн учир хураасан машинаа буцаан олгох тохиолдол зарим аймагт гарч байна. Албан газруудын машиныг нэг дор төвлөрүүлснээрээ хэмнэлт болох бус эсрэгээрээ илүү их зардлын ачаалал ЗДТГ-т ирэх магадлал байгаа учир нарийн тооцоо, судалгаа төлөвлөлт хийх шаардлагатай гэж харж байгаа. Тиймээс хамгийн зөв гарц гаргалгааг тодорхойлсны үндсэн дээр энэ ажлыг хэрэгжүүлнэ.


Төрийн албаны орон тоо, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, бусад илүү зардлыг танах, үргүй зардал гаргахгүй байх тал дээр анхаарч, хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж ойлгож болно гэлээ.

 

Холбоотой мэдээ