Оюутны сургалтын төлбөр нэмэгдээгүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ2016-2017 оны хичээлийн шинэ эхлэхэд цөөн хоног үлдлээ. Тиймээс төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдсэн эсэх талаар сургуулиудын удирдлагуудаас тодрууллаа.
МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ:Энэ жилийн сургалтын төлбөрийг нэмээгүй
-Манай сургуулийн сургалтын төлбөр нэмэгдээгүй. Өмнөх жилийн төлбөрөөрөө байгаа. Энэ жил салбарын сайд төлбөр нэмэгдүүлэхгүй байх талаар тушаал гаргасны дагуу төлбөрөө нэмээгүй. Мөн удирдах зөвлөлийн тогтоолоор 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын түвшний сургалтын төлбөрийг баталсан. Уг тогтоолд зааснаар курсээсээ хамаарч өөр өөр үнэтэй. Тухайлбал, Шинжлэх ухааны сургуулийн нэгдүгээр курсийн нэг багц цагийн төлбөр 80.200, хоёрдугаар курс 74.600, 3-4 дүгээр курс 64.600 төгрөгийн үнэтэй. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль 1-2 дугаар 80.200, 3-4 дүгээр курс 69.100 төгрөг болсон. Ер нь нэг багц цагийн төлбөр 46-96 мянган төгрөгийн хооронд бий. Мөн манай сургуулийн нэрэмжит тэтгэлэг байдаг. Бакалаврын төвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилгын хүрээнд уг тэтгэлгийг олгодог. Тэгэхдээ улсын чанартай олимпиадад амжилттай оролцож, медальт байр эзэлсэн оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.
ШУТИС-ийн захирал Б.Очирбат: Өмнөх хичээлийн жилийн үнэлгээг мөрдөж байна
-Жил бүр хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээг гаргадаг. Манай сургууль энэ жил 2015-2016 оны хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээг дагаж, мөрдөхөөр шийдвэрлэсэн. Нэг үгээр хэлбэл, сургалтын төлбөр нэмэгдээгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын их, дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй гэдэг тушаал гарсан учраас ингэж шийдсэн юм. Өмнөх хичээлийн жилийн үнэлгээг мөрдөж байна.Төлбөрийн хувьд курсээсээ хамаараад харилцан адилгүй. Тухайлбал, нэгдүгээр курсын нэг кредитийн үнэлгээ 61813, бусад курс нь 56868 төгрөг байгаа. Өнгөрсөн жил ч ийм байсан. Ер нь нэг кредитийн дундаж үнэлгээ 59300 болж байгаа юм. Тэгэхээр нэг оюутан жилд 30 кредит судална гэж үздэг.
ХААИС-ийн захирал Т.Хэрүүга: Энэ жил өнгөрсөн жилийн сургалтын төлбөрөө авч байна
-Манай сургуулийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдээгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд “Их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмж болохгүй” гэсэн чиглэл өгсөн. Тиймээс манай сургууль төлбөрөө нэмээгүй. Өнгөрсөн хичээлийн жил нэг 500 мянгаас хоёр сая төгрөгийн үнэтэй байсан. Сургалтын төлбөр курс, судлах кредит цагаасаа хамааран өөр өөр байдаг. Тэгэхээр энэ жил өнгөрсөн жилийн сургалтын төлбөрөө авч байна. Мөн салбар яамнаас төлбөрийн уян хатан нөхцөлөөр ажиллах чиглэл өгсөн. Тиймээс төлбөрийн чадваргүй, үнэхээр төлбөрөө төлөх боломжгүй оюутнуудад зохих журмын дагуу арга хэмжээ авч байна. Аль болох тухайн хүүхдийг сургах чиглэлийг барьж байгаа.
БХИС-ийн захирал Я.Чойжамц: Сургалтын төлбөрөө нэмээгүй
-Манай сургуулийн сургалтын төлбөр курсээсээ хамаараад янз бүр. Энэ жил салбар яамнаас нэмэхгүй байх чиглэл өгсөн учраас нэмээгүй. Гэхдээ сургалтын төлбөрөө нэммээр байна. Нэмэхгүй болохоор сургалтын чанар муу байна. Ганц ном худалдаж авч чадахаа больж байна. Автоматаар шууд нэмэх нь буруу. Ингэж механикаар шууд зохицуулдаггүй юм. Чанартай боловсон хүчин бэлтгэе гэвэл төлбөрөө нэмэх хэрэгтэй. Шинэ ном хэвлэл худалдаж авах, интернэтийн төлбөрөө хүртэл төлмөөр байна. Тэгээд хуучин мэдээллээрээ л байдаг. Шинэ мэдээлэл ч авч чадахгүй. Манай сургуулийн төлбөр нэг сая 200 мянгаас нэг сая 800 мянга байдаг.
АШУҮИС-ийн эдийн засагч Г.Ганбаяр: Нэг кредитийн төлбөр 65.500 төгрөгийн үнэтэй
-Манай сургуулийн 2016-2017 оны сургалтын төлбөр нэмэгдээгүй. Өнгөрсөн хичээлийн жилд авсан төлбөрөө авч байна. Хичээлийн нэг кредит нь 65.500 төгрөгийн үнэтэй. Бусад сургууль курсээсээ хамаараад өөр өөр төлбөртэй байдаг. Манай сургуулийн хувьд курс харгалзахгүйгээр кредит цагийн үнэ ижил байдаг.
МУБИС-ийн Эдийн засаг хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэг: Төлбөрийн уян хатан чиглэлийг барьж байна
-Манай сургууль бакалвр, магистр, докторт суралцаж буй гадаад болон дотоодын 16 мянган оюутантай. Энэ жил сургалтын төлбөр нэмэгдээгүй. Нэгдүгээр курсийн сургалтын төлбөр дунджаар нэг сая 950 мянган төгрөг. Курс ахих тусам нэг сая 750 мянган төгрөгийн төлбөртэй болдог.
Манай сургуулийн ихэнх хүүхдүүд буцалтгүй тусламж, онооны хөнгөлөлтөөр суралцдаг. 650-аас дээш оноотой хүүхдүүд 30-100 хувийн төлбөрийн хөнгөлөлт эзэлдэг. Захирлын нэрэмжит тэтгэлэг гэж бий. Мөн сургалтын төрийн сангийн тэтгэлэгт хамардаг.
Ж.Болор