Шилдэг сургууль 30 жилийн ойгоо тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 12:29:19

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн баярын хурал болов. Хуралд аймгийн болон Боловсрол, Соёлын газрын удирдлагууд оролцож баяр хүргэж шагнал гардууллаа.

Тус сургууль нь 1997, 2001 онд аймгийн тэргүүний сургууль, 1998 онд Улсын хэмжээний шилдэг 50 сургууль, 2000 онд Улсын шилдэг 10 сургуульд, 2006 онд аймгийн боловсролын салбарын “Шилдэг байгууллага”, 2008 онд хичээлээс гадуурх хүүхэд хөгжүүлэх ажлаар “Аймгийн тэргүүний байгууллага”  2013 онд Дархан сумын “Хөдөлмөрийн аварга” хамт олон, аймгийн боловсролын салбарын “Шилдэг менежменттэй” сургууль, 2015 оны Дархан-Уул аймгийн “Шилдэг сургууль”-иар тус тус шалгарч байсан шилдэг хамт олон юм.

“Тус сургуульд ажиллаж байсан захирал, багш ажилтан, бүрийн хичээл зүтгэл, суралцагч бүрийн сурлагадаа амжилт гаргах хүсэл тэмүүллийн үр дүн байсан” гэдгийг баярын хурлын үеэр сургуулийн захирал Б.Давааням онцоллоо. Ойн үеэр тус сургуульд ажиллаж байсан үе үеийн багш, суралцагч шавь нар нь хүрэлцэж ирж сургуулийнхаа авьяаслаг сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. Мөн тус сургуулийн 30 жилийн түүхэнд суралцаж төгссөн шилдэг төгсөгчдийн төлөөлөл болох БСШУ-ны яамны дэд сайд Б.Тулга, аймгийн МХГ-ын дарга н.Бат-Эрдэнэ, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ганбаяр, Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батбаяр, Засгийн газрын Хэвлэх үйлдвэрийн дарга З.Мөнхзул нар төрөлх сургуульдаа хүндэтгэл үзүүллээ. Эднийх өнгөрсөн хичээлийн жилүүдэд Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, Бага ангийн сургалт сайтай гэж тэмдэглэгдэж ирсэн, ерөнхий боловсролын сургалтын бүхий л судлагдахуунаар өндөр амжилт гарган манлайлж иржээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд