Коронавирусний цар тахлын төгсгөлийн үе шат ба Монгол Улс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-12-26 11:06:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2022 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд коронавирусний нийт батлагдсан тохиолдол 1,007,168 боллоо.

 

Батлагдсан тохиолдлын 560,175 (55.6%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот болон 11 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 66 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна хэмээн Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Энэ бол КОВИД-19 өвчний сүүлийн үеийн албан ёсны тоо баримт. Өдөрт улсын хэмжээнд коронавирусний 40-50 тохиолдол батлагдаж байна.

 

Ер нь бол УИХ-аас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар КОВИД-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан байдаг. Түүнээс хойш 4 удаа сунгажээ. Хамгийн сүүлд буюу 2022 оны 1 дүгээр сарын 31-нд УИХ-ын чуулганыг ээлжит бусаар зарлан хуралдуулж төсөвт тодотгол хийхийн зэрэгцээ дээрх хуулийг 2022 он дуустал сунгасан байна.

 

Цар тахлын эхний үе шат буюу хөл хорио

Цар тахлын эхэн үед Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийт 17 удаа хугацаа сунгасан бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 5 удаа шилжүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлан, холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.

 

Монгол Улсад КОВИД-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин “2020-3-10-нд Москва-Улаанбаатарын онгоцоор энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Францын иргэн энэ сарын 7-ноос халуурч эхэлсэн. Улмаар эхний шатны шинжилгээгээр КОВИД-19 илэрсэн” гэж хэвлэлийн бага хурал зарлан мэдээлсэн байх юм. Коронавируст халдвар КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 2020 оноос Засгийн газраас 71 тогтоол, Улсын онцгой комиссоос 17 тогтоол, 99 тушаал, 10 албан даалгавар, 60 хурлын тэмдэглэл гарган холбогдох арга хэмжээг авч тухайн үед хэрэгжүүлжээ. Дээр дурдсан үйл явдал КОВИД-19-ын эхний үе шат нь байсан гэж одоо хэлж болно.

 

Вакцинжуулалт

Монгол Улсан нийт хүн ам /3.4 сая/-ын 68 хувь нь вакцинд хамрагдсан байна. Нийслэлийн иргэд улсын дунджаас дээгүүр буюу 73 хувь нь хамрагдсан байх жишээтэй. Өөр нэг үзүүлэлт бол манай иргэдийн дундах эрсдэлт бүлгийнхний вакцинд хамрагдсан хувь хэмжээ 96 хувьд хүрчээ. Гэхдээ дөрвөн удаа хийсэн тун бүрийн дүн, тоо үзүүлэлт харилцан адилгүй байна. Улс вакциныг бүртгэх журмаа түргэвчилсэн байдлаар боловсруулж, 2021 оны нэгдүгээр сард баталсан байх юм. Тэр дагуу дархлаажуулалтын Үндэсний хороо, Хүний эмийн зөвлөл өргөтгөсөн хурлаа хийж, дэлхий нийтэд гараад байгаа үндсэн гол 3 вакцин болох “Файзер”, “Астразенека”, “Модерна” үйлдвэрийн вакцинуудыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн байна. Коронавирусний халдварын эсрэг вакцины эхнийхийг тэр дор нь татан авалт хийж, бүх нийтийн вакцинжуулалтыг үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөөд байгаа талаар УОК-оос 2021-2-16 мэдээлж байв. Улмаар БНЭУ-ын Сэрүм институтэд үйлдвэрлэсэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн, мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн “АстраЗенека-Оксфорд” вакцины эхний 150 мянган тунг Монгол Улсын Засгийн газар хүлээн авлаа. Бусад төрлийн вакциныг татан авсны дараа зорилтот бүлэг, тухайлбал өндөр настан, суурь өвчтэй, өвчлөх эрсдэл өндөр хүмүүсийг дархлаажуулахаа 2021 рны 3 дугаар сарын 23- нд мэдэгдэж байжээ. Тухайн үеийн хүлээн авсан вакцины жагсаалт:

•Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас "Астразенека" вакцины 150 мянган тун,

• Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,

• Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас "Спутник V" вакцины 10 мянган тун,

• Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14 400 тун,

• Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25 740 тун,

• Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,

• Дөрөвдүгээр сарын 21-ндКовакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50 400 тун,

• Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакцин,

• Дөрөвдүгээр сарын 24-нд БНХАУ-аас нийт 300 мянган тун “Вероселл” вакцин,

• Дөрөвдүгээр сарын 29-нд БНХАУ-аас нийт 334 400 тун “Вероселл” вакцин,

• Тавдугаар сарын 1-нд ОХУ-ын Спутник-V вакцины 20 мянган тун,

• Тавдугаар сарын 2-нд БНХАУ-аас Синофармын "Вероселл" вакцины 316 800 тун,

• Тавдугаар сарын 4-нд БНХАУ-аас "Вероселл" вакцины 148 800 тунг хүлээн авчээ.

 

Цар тахлын  төгсгөлийн үе шат

Вакцинжуулалтыг өргөн хүрээтэй хийсний үр дүнд 2021 оны 2-р хагасаас хойш Монгол Улс коронавирусний нөхцөл байдалтай зэрэгцүүлэн эдийн засгаа сэргээх бодлого баримталсан. Аль болох хатуу хөл хорио тавихгүйгээр дасан зохицож амьдрах замыг сонгосон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх суурь нөхцөлөө бүрдүүллээ гэж тухайн үед хэлжээ.

 

Ингэж вакцинжуулалтыг эрчимтэй хийснээр “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэг буурч нийслэлд төдийгүй орон нутагт хөл хориог цуцлах нөхцөл бүрдсэн байна. 2022 онд Монгол Улсад хөл хорих нөхцөл байдал үүсээгүй. Хил гааль нээлттэй горимд шилжсэн. БНСУ, Япон, ОХУ, БНТУ-аар дамжуулан дэлхий дахинд агаарын хилээ нээж, иргэд болон бараа бүтээгдэхүүний орж, гарах урсгалыг чөлөөтэй болгоод байна. Коронавируст халдвар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болно. Үндсэндээ коронавирусний нөхцөл байдал ч Монгол Улсад төгсгөл болж байна.

Холбоотой мэдээ