Их Британи, Япон батлан хамгаалах салбарт томоохон гэрээ байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-01-11 15:42:20

ЛОНДОН. /BBC/. Их Британи болон Япон улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны түүхийнхээ хамгийн том гэрээнд лхагва гарагт буюу өнөөдөр гарын үсэг зурах бөгөөд энэ нь хоёр улс нутаг дэвсгэртээ харилцан цэрэг байрлуулах боломжийг олгоно гэж Их Британийн Ерөнхий сайд Риши Сунакийн ажлын алба мэдээлэв.


"Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг эрс хурдасгаж, Их Британи, Япон улс харилцан бие биенийхээ нутаг дэвсгэрт цэргээ байрлуулах боломжийг олгох баримт бичигт өнөөдөр (лхагва гарагт) гарын үсэг зурснаар олон жилийн хэлэлцээ дуусна" гэж Их Британийн Засгийн газрын цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. 


Энэхүү гэрээ нь мөн талуудад илүү өргөн хүрээтэй, хүнд хэцүү цэргийн сургууль хийх, түүнчлэн цэрэг байрлуулах бусад үйл ажиллагаа явуулах боломжийг олгох бөгөөд энэ нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад Их Британийн үүрэг оролцоог бэхжүүлнэ гэж мэдэгдэлд онцолжээ.


Уг баримт бичигт гарын үсэг ёслол Лондон хотноо болох бөгөөд Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, “G7”-ийн гишүүн орнуудаар хийж буй айлчлалынхаа хүрээнд Их Британид айлчлах Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар гарын үсэг зурна. Үүнээс хэдэн долоо хоногийн дотор гэрээг хоёр улсын парламентаар хэлэлцүүлэхээр өргөн барина. Уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар мөн худалдаа, эдийн засгийн аюулгүй байдал, Украинд үзүүлэх тусламжийн асуудлыг хэлэлцэнэ гэж Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдээлсэн байна. 


Их Британи нь Японтой “Харилцан нэвтрэлцэх гэрээ” буюу “Reciprocal Access Agreement” (RAA) гэрээг байгуулсан Европын анхны улс болно. Талууд энэхүү гэрээнд гарын үсэг тохиролцоонд 2022 оны тавдугаар сард хүрсэн бөгөөд уг гэрээ нь 1902 оноос хойших Лондон, Токиогийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хамгийн чухал баримт бичиг болох юм. 


Ташрамд дурдахад, өнгөрсөн оны 12 дугаар сард Япон, Их Британи болон Италийн Засгийн газар 2035 он гэхэд шинэ үеийн сөнөөгч онгоц хамтран бүтээх “Global Combat Air Program” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. 

Холбоотой мэдээ