Мөсөнд авиралтын хурдны төрөлд ОУХМ Н.Хэрлэн Дэлхийн цомын хүрэл, Ази тивийн аваргын мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-01-16 13:29:30
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын уулчдын холбоо /ОУУХ/UIAA/-ноос жил бүр зохион байгуулдаг Мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын  Чонгсон хотод энэ оны 1 дүгээр сарын 14-15-нд  боллоо.


Тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй тамирчид  анх удаа бүрэн багаар оролцсон бөгөөд 1 дүгээр сарын 15-нд болсон мөсөнд авиралтын хурдны төрөлд ОУХМ Н.Хэрлэн (“Сутайн бор” клуб) Дэлхийн цомын хүрэл медаль хүртлээ. Тэрбээр мөн Ази тивийн аваргын мөнгөн медалийн эзэн болов. Түүнчлэн тэмцээнийг зохион байгуулагчдаас гарамгай амжилт гаргасан  тамирчдад олгодог тусгай урилга буюу Wildcard-ыг Н.Хэрлэнд гардуулахаар болжээ. Энэ урилга нь тамирчинд дараа дараагийн ДАШТ-д тухайн орны квотоос гадуур шууд оролцох эрх олгож буй юм. 


Энэ удаагийн тэмцээнд Монгол, Их Британи, АНУ, Иран, Япон, БНСУ, Финланд, Голланд, Польш, Румын, Чех, Щвейцарь  зэрэг орны шилдэг тамирчид өрсөлджээ.  


10 гаруйхан жилийн өмнө Улаан Цутгаланд мөсөнд авиралтын анхны тэмцээнээ зохион байгуулж, энэ төрөлд хөлд тавьж байсан манай улсын тамирчид ийнхүү дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай өрсөлдөж эхэллээ.


О.Батсайхан (ОУУХ(UIAA)-ны Залуучуудын Комиссын гишүүн)

Холбоотой мэдээ