ХӨВСГӨЛ: Д.Отгонбаяр: Рэнчинлхүмбэ сумыг нүүлгэн шилжүүлэх эсвэл яаралтай далан барих шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-25 16:40:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум 844,833 м.кв газар нутагтай, аймгийн төвөөс 270 км, Улаанбаатар хотоос 1000 км алслагдсан, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө -50 градус хүртэл хүйтэрдэг цас ихээр унадаг уул, тайгын бүс нутаг юм. Тус сумын иргэд үүссэн шар усны үерт автах эрсдэл үүсжээ. Энэ тухай Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга Д.Отгонбаяраас тодрууллаа. 



- Рэнчинлхүмбэ сум яагаад шар усны үерт автах болов. Хэзээнээс эхлэв?

- Манай суманд 2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний дараа сумын иргэдийн ундны усаа авдаг Цагаан булгийн голд халиа үүсэж сумын төвийн 10 га газар, 24 айл усанд автаж иргэдэд 60 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Өнгөрсөн онд дахин халиа тошин үүсэж 32 айл усанд автаж, сумын төвийн 76,4 га газар усанд автаж онцгой нөхцөл байдал үүссэн. Бид сумын Онцгой комисс, аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб зэрэг мэргэжлийн байгууллагуудад удаа дараа хандаж хөрөнгө санхүү, мэргэжил арга зүйн зөвлөгөө авч ажиллаж ирсэн. Гэвч өнөөдрийн байдлаар нөхцөл байдал улам хүндэрч байна.

- Он гарсаар газар хөдлөлт хэд бүртгэгдэв?

-Сүүлийн 2 жил газар хөдлөлт их идэвхтэй байлаа. Энэ он гарсаар 5 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж давтамж ойртож, байгаад санаа их зовж байна. Мөн сумын төвд их ойртож байна. Ихэвчлэн  Далайн зах 4-р багийн Хачим гэдэг газрын ойролцоо хөдөлж байсан бол сумын төвөөс 5 км зайтай Чулуут гэдэг газар хөдөлсөн.

 

- Өнөөдрийн байдлаар  үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулбал?

- Одоогоос 2 жилийн өмнө болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа Цагаан булгийн зарим газарт 10 см хэртэй ан цав бүхий хагарал үүссэн. Цагаан булгийн ус анх удаа хальж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энд тэндгүй ус гарч эхэллээ. Зарим газарт 1 метр 50 см гаруй өндөртэй газар овойж байгаад хагарч ус гарч байна. Өмнөх жилүүдэд усны голдирлын дагуу халиа үүсэж байсан бол өнөөдрийн байдлаар хаа сайгүй халиа тошин үүсээд байна. Удахгүй дулаан орохоор сум тэр чигтээ үерт автах эрсдэл үүсээд байна.



-Сумын иргэд  Цагаан булгаас ундны ус авдаг  гэлээ. Эрүүл ахуйн шаардлага хангах уу?

-Тийм ээ. Манай сумын иргэдийн ундны усаа авдаг газар бол Цагаан бургасны гол. Хальж урсан айл өрхүүдийн ариун цэврийн байгууламж руу орж ундны эх үүсвэр бохирдсон учраас цэвэр ус зөөвөрлөх арга хэмжээг авч ажилласан. Ирэх  хавар сумын хэмжээнд шар усанд автах нөхцөл үүссэн учраас хөрсний бохирдол үүсэх, халдварт өвчин гарах зэрэг олон  эрсдэл үүсэх гээд байна. Нэн даруй сумын төвийн унд ахуйн хэрэгцээнд гүний худаг гаргах шаардлагатай байна.

         

- Өнгөрсөн жилүүдэд ямар арга хэмжээ авч байв? Үр дүн гарсан уу?

- Сүүлийн 2 жил Рэнчинлхүмбэ сумын иргэд, төрийн албан хаагч нартай хамтран хүйтэн хүнд нөхцөлд дайчлагдан олон сараар ажиллаж айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, цасан далан барьж усны голдирлыг өөрчлөн урсгах зэрэг авч болох бүхий л арга хэмжээг авч ажиллаж ирсэн. Гэвч шар усны үерийн хамрах талбай энэ жил эрс нэмэгдэж сум тэр чигтээ усанд автах нөхцөл байдал үүсэж байгаа тул бид Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандаж хүсэлт хүргүүлсэн.


- Рэнчинлхүмбэ суманд хэдэн иргэн оршин суудаг вэ? Цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна?

- Манай сум 5000 орчим хүн амтай, сумын төвд 300 өрхийн 1000 орчим иргэн амьдардаг. Сумын төвд халиа, тошноос шалтгаалан үүсэж буй онцгой нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга бол хамгаалалтын бетонон далан босгох, сумыг нүүлгэн шилжүүлэх гэсэн 2 арга зам байна. Урьдчилсан байдлаар сумын төвийн зүүнээс баруун хүртэл ус хальж орох 3 км орчим газарт бетонон далан барихад 860 орчим сая төгрөг шаардлагатай тооцоог гаргасан.

Гэвч төсөв хөрөнгө шийдэгдээгүй өнөөдрийг хүрлээ. “Монгол зочлох”, “Хөвсгөлд зочлох”  жилийн хүрээнд гадаад дотоодын олон иргэн Дархадын хотгороор аялна. Тухайлбал жилийн 4 улиралд хөлддөггүй Жаргант голыг зорьж олон аялагч ирлээ. Бид эрүүл ахуйн шаардлага хангасан тав тухтай орчинд иргэдээ амьдруулж, аялагч жуулчин иргэдээ хүлээж авах хэрэгтэй байна. Иймээс байгаль цаг уурын нөхцөл байдал хүндрэхээс өмнө тулгамдаж буй асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсмээр байна.

 

 

Холбоотой мэдээ