ГХЯ: Узбекистан Улсад энэ жил Элчин сайдын яамаа нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-01 13:01:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзах үеэрээ "Энэ жил манай улс Узбекистан Улсад Элчин сайдын яамаа нээхээр ажиллаж байна" хэмээлээ.


Тэрбээр энэ үеэр "Узбекистан нь бүс нутагтаа газар нутаг томтой, хүн ам олонтой, тээвэр ложистикийн сүлжээ сайтай улс. Энэ жил манай улс Узбекистан Улсад Элчин сайдын яамаа нээх гэж байна. Манай талаас мал, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхол их байна. Тухайн улсад авах хэрэгцээ шаардлага өндөр байна. Мөн жимс, жимсгэнэ, ногоо зэрэг бүтээгдэхүүнийг агаараар болон газраар монгол руу нийлүүлэх сонирхолтой өндөртэй байгаа юм. Түүнчлэн тус улсад ЭСЯ-аа байгуулснаар Төв Азийн орнуудтай худалдааны хэмжээгээ нэмэгдүүлэх гарц нээгдэнэ” гэв.


Салбарын сайд мөн үеэр хэлэхдээ Консулын албыг бэхжүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах хүрээнд ГХЯ-наас онцгой анхаарч байгааг онцолсон. Энэ тухайд Б.Батцэцэг сайд "Манай улсын Элчин сайдын яам дэлхийн олон оронд ажиллаж байгаа хэдий ч Консулын хэлтэсгүй байгаад иргэд багагүй гомдол мэдүүлдэг. Иймд монголчууд олноороо ажиллаж амьдарч байгаа орнуудыг судалж, Консулын газруудыг нэмж байгуулж буй. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Чикаго хотод Консулын газрыг байгуулж, 10 мянган иргэнд төрийн зохих үйлчилгээг хүргэж ажиллаж байна. Австрали, Чех, Швед дэх ЭСЯ-дын дэргэд Консулын хэлтэс нээх асуудлыг шийдвэрлэн, өнгөрөгч 9 дүгээр сард Консулын хэлтсийг ажиллуулж эхэлсэн. Цаашид 5-6 газарт Консулын газар байгуулах шаардлагатай” гэлээ.



Холбоотой мэдээ