Орос, Беларусийн тамирчдыг төрийн далбаа, дууллаа ашиглахыг хориглохыг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-04 15:42:43

ВАШИНГТОН. /White House/. АНУ-ын эрх баригчид ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцохдоо төрийн далбаа, дууллаа ашиглахыг хориглохыг дэмжиж байгаа бөгөөд эдгээр орны тамирчдыг төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрөх ёстой гэж үзэж байна. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мэдээлжээ.


2024 оны Парисын зуны олимпод тус хоёр улсын тамирчдыг оролцуулах талаар АНУ ямар байр суурь баримталж байгаа талаар түүнээс тодруулахад, “Олон улсын олимпын хороо /ОУОХ/ зэрэг байгууллагууд спортын арга хэмжээнд Орос, Беларусийн тамирчдыг оролцуулахаар шийдсэн тохиолдолд тэдгээр тамирчид Орос, Беларусь улсыг төлөөлөхгүй гэдэг нь туйлын тодорхой байх ёстой. Түүнчлэн Орос, Беларусийн төрийн далбаа, сүлд, дууллыг албан ёсоор хэрэглэхийг хориглох хэрэгтэй. Энэ бол бидний баримталж буй байр суурь"  гэж хариулсан байна.


Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, Украинд халдан довтолсонтой холбогдуулан “ОХУ, Беларусийн үндэсний спортын байгууллагуудын олон улсын спортын холбоод дахь гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, Олон улсын спортын холбоодын удирдах зөвлөл, зохион байгуулах хороо зэрэг нөлөө бүхий албан тушаалаас Орос, Беларусийн төртэй нягт холбоотой хүмүүсийг хасах, түүнчлэн нутаг дэвсгэрт нь олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулахгүй байхыг АНУ дэмжиж байгаа аж.


ОХУ-ыг Украин руу довтолсны дараа ОУОХ өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлчээр Орос, Беларусийн тамирчдыг тэмцээн уралдаанаас хасахыг спортын холбоодод зөвлөж байсан. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд шинэ зөвлөмж гаргаж, Украин дахь дайны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй тамирчдыг олон улсын уралдаан тэмцээнд төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрсөн байна.

Холбоотой мэдээ