Энэтхэгийн талд 2023 онд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх саналыг тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-18 17:17:29
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх бага хуралд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисритэй уулзав.


Уулзалтаар Монгол Улс өөрийн гуравдагч хөрш, бүс нутаг дахь чухал түнш болох Энэтхэг Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг сайд Б.Батцэцэг нотолж, 2023 онд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх саналыг тавив.


Тэрбээр Монгол, Энэтхэг хоёр улсын уламжлалт найрсаг харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглээд, цар тахлын улмаас тасалдаад байсан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төслийн үйл ажиллагаа нь 2022 оноос дахин сэргэсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.


Үүнтэй холбогдуулан Энэтхэг Улсын Аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисрит өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, мөн бүс нутгийн тогтворгүй байдал зэргээс шалтгаалан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажил удааширсан хэдий ч тогтсон хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэлээр бүхий л талын хүчин чармайлт гаргаж ажиллахаа онцлон тэмдэглэж байв.


Үүнээс гадна энэтхэгийн тал стратегийн түнш Монгол Улстай харилцаа хамтын ажиллагаа эрчимжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгааг онцолж, хоёр улсын хооронд дээд өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байсан болно.


Холбоотой мэдээ