Цагийн өнгөнд өөрчлөгдөж буй Цагаан сар

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2023-02-20 13:19:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр битүүний өдөр. Тэгэхээр 17 дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жил босгон дээр ирээд хаалга тогшиж байна гэсэн үг. Төгс буянтын зурхайгаар бид хаврын эхэн сарын шинийн нэгэнтэй маргааш золгоно. Төгсбуянт зурхай бол нар сарны тооллын дагуу Монгол орны цаг агаар уур амьсгал, газар зүйн байрлалд тохируулж бүтээсэн Монгол зурхай юм. Тус зурхайн дагуу жил бүрийн Цагаан сарын баяр хэзээ болохыг товлосоор ирсэн уламжлалтай.


Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр. Мөн ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлдэг олон ёс заншлыг хадгалсан үндэсний баяр юм. Ер нь цагаан сарын баярын эрхэм зорилго нь ах дүү, төрөл төрөл саднаа мэдэлцэж, бие биенээ хүндэтгэх эрхэм ёс, зан үйлд оршдог тийм хүндэтгэлт баяр төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэдэлт баяр юм. Битүүлэх ёсон, ууц хөндөх ёсон, тэнгэрт мөргөх ёсон, шинэлэх ёсон, золгох ёсон гээд маш нарийн дэг жаягтай. Цагаан сараар цээрлэх зүйл ч гэж бий. Түүнийг чанд мөрдөх учиртай.


Монголчууд сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Сар шинийн баяраар идээний дээдээр ширээгээ чимж, эдийн дээдийг эдэлж, шинэ дээл хувцас өмсч, сайхан бүхнийг билэгшээн саар муухайг цээрлэж тэмдэглэдэг заншилтай. Үнэндээ өвөг дээдсээс уламжлагдан ирсэн сар шинийн баяр хүртэл цагийн аяст хэлмэгдэж, хаагдаж боогдох дээрээ тулж, бүр 1963 оноос “Нэгдэлчдийн баяр” болгон зөвхөн сум нэгдэл, бригадын иргэд ёслон тэмдэглэх болсон цаг үеийг туулсан түүх бий.


Харин Ардчилсан нийгэмд шилжсэн 1990 оноос монголчууд үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг өргөнөөр тэмдэглэх болсон билээ. Тиймээ, цагаан сар бол 9 зүйл баяр давхацсан монгол түмний үндэсний баяр юм. Тодруулбал, Сүлд цагаан тэнгэрийн хишиг өлзийн баяр, Билгийн тооллын шинэ жилийн баяр, Насан өлзий хутгийн баяр, Түмэн өлзий давхарласан баяр, Хайр энэрлийн баяр, Хэлхээ бат оршихын баяр, Малч түмний баяр, Хаврын эхэн хамаг шим соёолохын баяр, Цэнгэл наадмын баяр хэмээдэг.


Үгүйлэн санасан ураг төрлийн уламжлалт баяраа эргэн сэргээж тэмдэглэхдээ хэтийдүүлж, гэртээ хоёр давхар ууц тавих шахтлаа баярхаж, хүүхэлдэй шиг ижил дээлээр эр эмгүй гоёж, бусдыг хүндрүүлж байгаагаа мэдэхгүй бөөн бөөнөөрөө айл хэсдэг үе ч бидэнд байсан. Үнэндээ газар нутаг, цаг агаар, бидний өнөөгийн амьдралын онцлогт яг тохирсон баяр бол яах аргагүй цагаан сар. Цагийн аясыг дагаад цагаан сарыг тэмдэглэх дэг жаяг маань ч өөрчлөгдөж байгаа.


Юмс элбэгших тусам амарчлах хэв маяг илүү түрж байгаа нь сүүлийн жилүүдэд илт ажиглагддаг болсон нь үнэн. Өнөө цагт мөнгө нь байвал сар шинийн баяр зүдэх юмгүй бэлэн гэсэн үг. Мөнгө байхгүй бол хийхээ больчих нэг гарцтай. Эцсийн дүнд цагаан сарыг хийсэн ч утгагүй хийгээгүй ч утгагүй болох цаг үе рүү шилжих гээд байх шиг. Энэ нь өв соёлын нэг хэсгийг, бүр уламжлалт ёс заншлыг минь алдагдуулсан гунигтай зүйл болчих бий гэх харуусал сэтгэлийн чинадаас түрж өвтгөнө.

Дундаж айл өрх 2-3 сая төгрөгт сар шинийн баяраа хийдэг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ өндөр настантай, өнөр олуулаа зэргээс үнэ мөнгөний ханш хэлбэлзэх магадлалтай.


Амьдралын уламжлалт хэв маяг орчин цагт ихээхэн өөрчлөгдсөн ч, ёс заншлаа өнөө цаг үетэй, шинэ үеийнхэнтэй хадгалаад явах нь чухал. Аливаа баяр тухайн өдрөө хөөрцөглөөд дуусдаг бол Монголын цагаан сар үгүй. Лавтай тав хоног үргэлжилнэ. Шинийн 3-нд идээ цагаагаа багасгаж хураадаг жаягтай ч, зочид ирсээр, тэр тоолонд баяр үргэлжилсээр байдаг онцлогтой.


Сүүлийн үед хүмүүс тор бариад айл хэсэхээ больж байна. Нэг нэгнийгээ хүндрүүлэхгүйн тулд нийлж ярилцаад төрөл төрөгсдөөрөө аль нэг зоогийн газарт  золголтоо хийдэг болж байна. Дараа нь идэхийн аргагүй тос гоожсон данагар том ууц тавихаа байж, илүү хялбар хөнгөнөөр, эрүүл мэндээ бодож хооллохыг эрхэмлэдэг болж байна. Хойморт суугаа настан харагдахгүй болтол үелэн өрдөг тавгийн идээнээс татгалзаж, илүү олныг хамарсан арга хэмжээг сонгодог болжээ.


Арван долоон жарны тэртээ улаагчин туулай жил цагаан сар тэмдэглэж эхэлснээр өнөө хүртэл энэ уламжлалт баяр ёслол маань улам боловсронгуй болж, утга агуулга нь баяжсаар байгаа. Тэгэхдээ огт өөрчилж болдоггүй нэн эрхэм зүйл бол ахмад буурлуудаа хүндлэн дээдлэх ариун ёс юм. Энэ бол нэг ураг удмын бүх хүн өрхийн тэргүүлэгч хамгийн өндөр настандаа очиж золгон амар мэндээ мэдэлцэж, багачуул хүүхдүүдэд ураг удмаа танилцуулж өгдөг ёс төртэй уулзалт билээ. Ингэснээр цаад утгаараа цус ойртолтоос сэргийлж байгаа чухал үйлдэл юм. Гэр бүлээрээ, ах дүү, төрөл төрөгсдөөрөө ганц цуглардаг гэр бүлийн баяр, ихэс дээдсээ хүндэлж, хүндэтгэл үзүүлдэг баяр,  бүл нэмж, өнөр өтгөн болсон ахан дүүс нэгэнтэйгээ танилцаж хамаатан саднаа мэддэг баяр бол яах аргагүй Цагаан сар.


Эцэст нь хэлэхэд монголчуудын уламжлалт баяр цагаан сар бол Монголын соёлын өв юм шүү. Мөн ЮНЕСКО-гийн Соёлын өвд 2010 онд бүртгүүлсэн үндэсний баяр наадам ч үүнд багтана. Хаана ч давтагдашгүй энэ хоёр баяр бол монгол монголоороо үлдэх үндэсний дархлаа гэхэд болно.

Холбоотой мэдээ