200 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт татахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-17 08:08:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форумын үеэр Монголын 100 гаруй бизнес эрхлэгч БНХАУ-ын 200 гаруй хөрөнгө оруулагчтай холбоо тогтоож, төслөө танилцуулан, эхний өдөр 17 компани 258 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар боллоо.


Мөн форумын үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ үйл ажиллагаа нь хоёр улсын гадаад худалдааг өргөжүүлэх, Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэх, бүс нутгийн байгаль орчны чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал гэдгийг онцлоод “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал” илтгэл тавьсан юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар "Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын бодлого, шийдэл”, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломжтой төслүүдийг БНХАУ-ын хөрөнгө оруулагч нарт танилцуулав.


Монголын залуучуудын холбоо, Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран зохион байгуулж буй форум өнөөдөр уул уурхай, барилгын салбарын танилцуулга, уулзалтаар үргэлжилж байна.

БНХАУ-ын хөрөнгө оруулагчид аялах, судалгаа хийх бус, зөвхөн хөрөнгө оруулах сонирхолтой ирсэн бөгөөд тэднийг дотооддоо өр зээлгүй гэх тодорхой шалгууруудаар сонгожээ. Хэрвээ хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалт горилогч тал харилцан тохирсон бол эхний ээлжид төслөө танилцуулах, нарийн мэдээлэл өгөх боломжтой.


Хөрөнгө оруулах гэрээ зурсан байгууллагуудын гэрээний хэрэгжилт баталгаажих хүртэл Монголын Залуучуудын холбоо тууштай ажиллахыг тус холбооны Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар тэмдэглэж байв. Форум маргааш өндөрлөнө.

Холбоотой мэдээ