ГОВЬ-АЛТАЙ: Шаахар толгойн дурсгал дунд палеонтологийн үед хамаардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-10 11:40:34
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Чандмань сумын нутаг Гичгэний нуруу, Бор хайрхан уулын дунд орших Шаахар толгой нь Говь-Алтай аймгийн нутгаас олдсон чулуун зэвсгийн дурсгалуудаас дунд палеонтологийн үед хамаардаг.

Монгол орны баруун өмнөд бүс нутагт байрлах Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс чулуун зэвсгийн үеийн энэ суурингийн буюу газрын хөрсөн дээр чулуун зэвсэг ил байдлаар хадгалагдан үлдсэн дурсгал 11 сумын 22 газраас олджээ.

Тодруулбал, тус аймгийн Алтай сумын Нарийн тоорой орчим, Цэнхэр Номингийн говийн Цагаан дэрс, Бигэр сумын Морин толгой, Жаргалан сумын Ажиг нуурын эрэг, Дөрөө нуурын эрэг, Халиун сумын Хуурай чацаргана, Цагаан гол, Тайшир, Тонхил сумын төв орчим, Төгрөг сумын Цагаан хайрхан, Төгрөгийн голын зүүн эрэг, Баян-Уул, Хөхморьт сумын Агуйт улаан, Цээл сумын Гашуун нуур, Алтан худаг, Чандмань сумын Шаахар толгой, Самдандамба уул зэрэг газраас олдоод байгаа ажээ.
Говь-Алтай аймгийн нутгаас олдсон эдгээр чулуун зэвсгийн дурсгалуудаас дунд палеонтологийн үеийн чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга ажиглагдаж байгаа дурсгал нь Чандмань сумын нутагт буй Шаахар толгойн дурсгал юм хэмээн ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан Говь-Алтай аймгийн түүх, соёлын дурсгал номд онцлон тэмдэглэжээ.

Шаахар толгойн дурсгал нь Чандмань сумаас баруун хойш Гичгэний нуруу, Бор хайрхан уулын дунд орших хөндийд байрладаг. Шаахар толгой нь тал дээр өргөгдсөн тогтоцтой, баруун хойноос зүүн урагш намссан, ихэнх хэсэг нь хад, цохионоос бүрдсэн байдаг ажээ. Толгойн ойр орчимд болон эргэн тойронд чулуун зэвсгийн зүйлс өргөн тархсан байхаас гадна хад цохионоо хүрэл, төмөр зэвсгийн түрүү үеийн хадны зураг, хүрлийн үеийн булш, хиргисүүр, хүннү булш, түрэгийн үеийн бичгийн дурсгал зэрэг түүхийн өөр өөр үед холбогдох дурсгалууд байдаг юм.
Шаахар толгойд ан амьтан аргаль, янгир, буга, хандгай, эртний амтан болон овог аймгуудын тамга, тэмдаг, зурлагаар нэн элбэг байдаг. Мөн эртний түрэг бичгийн дурсгал ч бий.

Шаахар толгойд хадны сийлмэл зурагт тохиолддог бүх дүрслэл байдаг аж. Онцлон авч үзвэл олноороо ан хийж буй анчдын дүрслэлд бүгд толгойдоо нэгэн адил урагш унжсан малгайтай, байгаа нь цэрэг эрсийг дүрсэлсэн гэмээр. Чоно, ирвэс сүүлээ өргөн харайж амьтдыг хөөж буйг бодитой дүрсэлжээ. Шаахар толгойн хаднаас 174 төрлийн зураг олж тоолсноос дэлхийд ховор зураг ч бий. Эдгээрт буга 23, аргаль,янгир 61, бусад өөр төрлийн дүрсүүд байна.
Холбоотой мэдээ