ГОВЬ-АЛТАЙ: Гамшгаас хамгаалах команд штабын дадлагад 2100 гаруй алба хаагч хамрагдав

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2023-04-12 12:02:35

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах команд штабын сургууль бэлэн байдлын үзлэг, штабын дадлагад Говь-Алтай аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, 32 мэргэжлийн ангийн 2066 алба хаагч хамрагдлаа.


Говь-Алтай аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр сарын 12-ны 7.00 цагт “Цуглар” дохиогоор ажиллууллаа. Аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, 32 мэргэжлийн анги, хуулийн этгээдийн 2066 алба хаагчийн гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдал, хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, жагсаалын жигдрэлтийн үзлэг шалгалтыг зохион байгууллаа.

Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбатад газар хөдлөлтийн хор уршгийг арилгах эхний цагийн байдлыг гардуулснаар удирдах бүрэлдэхүүний штабын дадлага эхэлсэн юм.

Тус аймагт 2017 онд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулснаас хойш зургаан жилийн дараа ийнхүү команд штабын сургууль болж буй юм.

Мөн энэхүү сургууль нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах  “Стратегийн команд штабын сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд болж байгаагаараа онцлогтой гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.