АРХАНГАЙ: Хотонт сумын сургуулийг загвар сургууль болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-12 16:14:17

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. БШУ-ы сайд 2023 оныг ЕБС-ийн менежментийг сайжруулах жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд аймаг бүрд хоёр сумын сургуулийг, нийт 46 сургуулийг сонгож, загвар болгон туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх юм. Архангай аймгаас Хотонт, Өгийнуур сумын сургуулийг сонгожээ.


Хотонт сумын сургууль дээр БШУ-ы сайдын тушаалаар сургуулиудыг гүйцэтгэлийн үнэлгээн дээр үндэслэн өөрийн гэсэн менежментийн арга зүй, багшийн хөгжлийг сайжруулах зорилготой зөвлөн туслах 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, сургуулийн удирдлага манлайлал, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт багшийн хөгжил, хүүхэд хөгжил хамгаалал, сургалтын орчин гэсэн дөрвөн чиглэлээр зөвлөгөө өгчээ.


Тэд ЕБС-ийн орчин нөхцөл, одоо байгаа хөтөлбөр төлөвлөлт, үйл ажиллагаатай танилцан, багш нарын хичээлд сууж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хэлэлцүүлгийн дараа хичээлийн судалгаа, багшийн арга зүй, ээлжит хичээлээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжийг дадлага ажил, лекц мэдээллүүдийг өгчээ.  


Мөн Хотонт сумын ЕБС-ийг Нийслэлийн нэг сургуультай шефийн холбоо тогтоож, харилцан туршлага солилцох, багшийн заах арга зүйгээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг төлөвлөжээ.  


Дээрх ажлын баг тус сургууль дээр үргэлжлүүлэн хоёр удаа ирж ажиллана хэмээн Архангай медиа группийн Хотонт сум дахь сурвалжлагч И.Бүзмаа мэдээллээ. 

Холбоотой мэдээ