ГОВЬ-АЛТАЙ: Сурагчид уран бичвэрийн үзэсгэлэн дэлгэлээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2023-04-20 13:20:48

Есөнбулаг /МОНЦАМЭ/. ”Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтаж Есөнбулаг сумын Улсын тэргүүний лаборотари нэгдүгээр сургуулийн Д.Пүрэвсүрэн багштай 7а ангийн сурагчид монгол бичгийн уран бичвэрийн “Үндэсний бичгээ өвлөн бахархъя, үлгэр жишээ манлайлан суралцъя” сэдэвт үзэсгэлэн зохион байгууллаа.

Уг үзэсгэлэнд 7а ангийн сурагчдын “Хичээнгүй сайхан бичиг”, ”Гар бичмэл”, “Уран бичвэр”-ийн нийт 150 бүтээлийг дэлгэсэн бөгөөд тус ангийн эцэг эхийн зөвлөл хамтран зохион байгуулж нийт 2200 орчим хүн үзэж сонирхлоо.

Аймгийн Соёл, урлагийн газар, Нийтийн номын сангаас хамтран үндэсний өв соёлоо өвлөн уламжилж түгээн дэлгэрүүлж байгаа багш Д.Пүрэвсүрэн, Насан туршийн боловсролын сургалтын менежер Р.Энхцолмон, 7а ангийн сурагч Б.Есүгэн, А.Мөнгөншүүдэр, М.Аззаяа нарыг бичгийн хэрэгсэл, бийр, бэх, янтай дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан тухай Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Үндэсний бичигтэн аймаг” болох зорилтод хувь нэмрээ оруулан, үндэсний бичиг өв соёлоо залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулан ажиллаж буй Улсын тэргүүний лаборотари 1-р сургуулийн багш нар, өв соёлоо дээдлэгч, үндэсний бичгээ өвлөн уламжлагч сурагчдад талархал илэрхийллээ.