ХӨВСГӨЛ: Хатгал тосгоны хогийн цэгт салхинаас хамгаалах ногоон зурвас байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-01 09:58:53

Мөрөн  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хэрэгжиж буй "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд  Хатгал тосгонд  2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг байгуулж байна.


Дэлгэрмөрөн сум дундын ойн ангиас тус хогийн цэгийн 2 га орчим газарт салхинаас хамгаалах ногоон зурвас байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.


Хатгал тосгон нь цэвдэг их сэрүүн бүс нутаг учраас  ургах боломжтой хайлаас, бургасыг тарина. Хогийн цэгийн орчимд хайлаас, бургас бүхий зурвас байгуулснаар хөрсний элэгдлээс хамгаалах, хог салхины аясаар тархах зэргээс хамгаалах ажээ.


Орон нутгийн төвлөрсөн хогийн цэгүүд хог хаягдал ил задгай тархсан, байгаль орчин бохирдуулсан маш хүнд нөхцөлтэй байдаг бөгөөд төслийн хүрээнд барьж буй энэхүү төвлөрсөн хогийн цэг нь суманд байгуулж буй 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэгийн анхны бүтээн байгуулалт юм. 


Хог хаягдлын менежментийн хувьд эх үүсвэр дээр ангилан ялгалт хийх ба шатах боломжтой хог хаягдлыг зориулалтын зууханд шатааж устган, дахин боловсруулах болон шатаах боломжгүй хог хаягдлыг эцсийн шатанд ландфилд дарж булшлах юм байна.

 

Холбоотой мэдээ