ХӨВСГӨЛ: Тохилог хашаа, ногоон орчин бүрдүүлсэн айл, өрхүүдийг 31 сая төгрөгөөр шагнаж урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-11 13:00:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар “Мөрөндөө сайхан амьдарцгаая” хөтөлбөр хэрэгжиж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын гэр хорооллын айл өрхүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, өөрсдийнх нь оролцоотой тохилог, эко орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжих, идэвх санаачилгатай амьдрах орчноо сайжруулсан айл өрхийг урамшуулах зорилгоор “Тохилог хашаа, ногоон орчин” уралдааныг зарлав.


Уралдаан Мөрөн сумын 14 багийн айл өрхийн хүрээнд 9 дүгээр сар хүртэл үргэлжилнэ.

“Тохилог хашаа, ногоон орчин” уралдаанд оролцох өрхүүд хашаандаа явган хүний зам, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, спорт тоглоомын талбай, сүүдрэвч, сандал зэргийг хийнэ.

Шинээр ногоон байгууламж бий болгон хашааны хаалга, гадна үзэмжийг сайжруулсан байх, хаягжилт, хашааны гэрэлтүүлэг,  стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх юм.

Мөн хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав байршуулж, өрхийн аж ахуй буюу төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тариалсан байх шаардлагатай ажээ.

Холбоотой мэдээ