ХӨВСГӨЛ: Хоймор нутгийн “Хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн гэр бүл”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-15 16:25:18

Мөрөн /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас  Тариалан сумын иргэн Ц.Даваанямын гэр бүл хоймор нутгийн “Хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн гэр бүл”-ээр шалгаруулжээ.

Ц.Давааням нь Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагчаар 15 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд  өнгөрсөн онд нийт 42,000,000 төгрөгийн эд хөрөнгө, 4 иргэний амь насыг авран хамгаалсан байна.


Охин Д.Ариунзаяа, Д.Ариунсанаа нар монгол бичгийг үеийн нөхдөдөө зааж, сургах мөн сайн дурын ажил, мод тарих, ахмад настнуудад туслах зэргээр нийгмийн ажилд идэвх санаачилгатай  оролцдог.

Охин Д.Ариунсанаа, Д.Ариунзаяа нар Эх хэл-Бидний бахархал монгол бичгийн уралдаанд дэд байр эзэлж, анги хамт олондоо сурсан зүйлээ түгээн дэлгэрүүлжээ.


Гэр бүлээрээ  “Тэрбум мод үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд  Гал түймэр унтраах  46-р ангийн хашаанд 400 ширхэг шар хуайс, Тариалан сумын олон нийтийн эзэмшлийн талбайд 33 ширхэг  улиас мод, өөрийн эзэмшлийн хашаанд 10 ширхэг чацарганын мод, мөн тус сумын иргэн Д.Цэрэнпүрэвийн хашаанд 10 ширхэг  чацарганын мод тарьж, суулгасан байна.

Мөн сургуулийн дотуур байрны хүүхдүүд цагаа зөв боловсон өнгөрүүлэх номын сантай болгох зорилгоор “Өрх бүр нэг ном”, “Иргэн бүр нэг ном” хандивын аяныг санаачлан өрнүүлжээ. Мөн охин Д.Ариунзаяа нь “Ногоон тариалан” аяныг санаачлан хүүхэд залуучуудын талбайд анги хамт олноороо 20 ширхэг  голт бор мод тарьсан ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ