ГОВЬ-АЛТАЙ: Э.Алтантуяа: Үйлчлүүлэгчдээсээ хумс маань гоё болчихлоо, баярлалаа гэдэг үгийг сонсох л хамгийн сайхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-17 12:36:07

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Хорио цээрийн шинжээчээс маникюрчин болж Алтай нутгийн охид бүсгүйчүүдэд Анна нэрээрээ хэдийнэ танил болсон Э.Алтантуяаг энэ удаагийн ярилцлагаараа онцлон, ажил мэргэжлийнх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ. 


-Өдрийн мэнд, юуны өмнө өөрийгөө танилцуулна уу. Яагаад мэргэжлээ солих болов? 

-Өдрийн мэнд. Намайг Эрхэмбаярын Алтантуяа гэдэг. Арван жилийн сурагч байхаасаа л зураг зурах, хумс будах, юм оёх, загвар зохион бүтээх сонирхолтой байсан. Бас хумсны будаг цуглуулах дуртай, хатсан будаг их байдаг байлаа. Тэрийгээ хаашаа ч явсан аваад явдаг хүүхэд байсан. Бага насны сонирхол маань л маникюрчин болоход нөлөөлсөн болов уу.

-Дөрвөн жил их сургуульд сурчихаад маникюрчнаар ажиллана гэхэд гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авсан бэ? 

-Манай гэр бүлийнхэн маш их дэмждэг. Ялангуяа манай эгч энэ салбар луу чиглүүлж өгсөн. Их сургуульд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллалгүй маникюрчин болно гэхэд гэр бүлийнхэн маань дэмжиж, эергээр хүлээж авсан. Миний хань үргэлж дэмжиж цаг наргүй их ажлын үеэр арын албаа сайн дааж, эрч хүчтэй ажиллах урам зориг өгдөг дөө. 

-Маникюрчнаар хэд дэх жилдээ ажиллаж байна вэ, анх ганцаараа талбай түрээслэн ажилладаг байсан бол одоо маникюраас гадна гоо сайхны үйлчилгээ явуулдаг болсон байна. Яг хэзээнээс өөрийн салонаа нээв? 

-Би маникюрчин мэргэжлээрээ 2014 онд төрөлх Алтай нутгаасаа эхэлсэн. Манай аймгийнхны хэлж заншсан ягаанаас буюу Ахуйн үйлчилгээний ордонд талбай түрээсэлж эхэлж байлаа. Тэгээд 2017 он хүртэл нутагтаа ажиллаж байгаад 2020 он хүртэл Улаанбаатар хотод энэ чиглэлээрээ ажилласан. Улаанбаатар хотод ажиллаж байх хугацаандаа дан ганц хумс хийж, будах үйлчилгээ үзүүлэхээс гадна мэддэг чаддагаа охид бүсгүйчүүдэд зааж маникюрчны ганцаарчилсан сургалт явуулдаг байлаа. Одоо ч орон нутагтаа маникюрчдыг бэлтгэсээр л явна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй охид бүсгүйчүүдийг хумс хийх, будах аргад суралцуулан мэдлэг чадвартай болгожээ.

2020 онд Алтай нутагтаа ирээд өөрийн “Anna Beauty nail” салонаа нээсэн. Анх салонаа орон нутагтаа дан ганц хумс урлалын чиглэлээр ажиллуулах мөрөөдөлтэйгөөр нээж байсан бол мөрөөдөлд хязгаар байдаггүй гэдэг шиг өнөөдрийг хүртэл бага багаар өргөжүүлсээр гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлдэг салонтой боллоо. Одоогоор дөрвөн хөөрхөн охинтой ажиллаж Алтай нутгийнхаа охид эмэгтэйчүүдэд тав тухтай орчинд гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлж байна. 

-Маникюрчин мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Ажил мэргэжлийн маань хамгийн сайхан нь хийж буй зүйлээсээ маш их эрч хүч авдаг. Хэчнээн ядарсан ч үйлчлүүлэгчдээсээ хумс маань гоё болчихлоо, баярлалаа гэдэг үгийг сонсох л хамгийн сайхан даа. 

-Орон нутагт яг энэ чиглэлээр үйлчилгээ эрхэлж хумс урлагийн салбарыг хөгжүүлэхэд хамгийн чухал нь юу бол, өөрийн тань баримталдаг зарчим юу вэ? 


-Манай аймагт хумс урлалын салбар маш сайн хөгжсөн. Юу вэ гэхлээр, гуравдугаар сард Ховд аймагт болсон баруун бүсийн тэмцээнээс манай аймгийн оролцогчид олуулаа оролцож өндөр үнэлгээ авсан. Хумс урлалын салбар бол өдөр бүр л хөгждөг салбар учир бид үүнийгээ дагаад байнга шинэ зүйлд суралцаж байх ёстой байдаг. Ингэснээр хумс урлалын салбар хурдацтай хөгждөг гэж ойлгодог. 

Миний баримталдаг зарчим үйлчлүүлэгчдээ тав тухтай орчинд хүлээн авч хямд үнээр чанартай, өөрийнх нь хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг үзүүлэхийг зорьдог. Ингэж ч ажилладаг. Манай салон орон нутгийнхаа үйлчилгээний салбарт шинэ соёл нутагшуулах зорилгоор цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, 7.00 цагаас эхний үйлчлүүлэгчээ хүлээн авч 22.00 цаг хүртэл ажиллаж байна.

-Танайхыг зорьж ирдэг үйлчлүүлэгч олон бий. Тэд та бүхнийг ахин дахин зорьж ирэх шалтгаалан нь юу бол, тэдэнд юу амалдаг вэ? 

-Манай хамт олон хиймэл хумс хийхээс илүүтэйгээр өөрийнх нь хумсыг арчилж ургуулахыг эрхэмлэдэг. Хүн бүрийн хумс гоё сайхан эрүүл ургах бүрэн боломжтой гэдгийг л амалдаг даа.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа, ажлын амжилт хүсье.


Холбоотой мэдээ