ХОВД: Цэцэрлэгүүд тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллаж буй туршлагаа хуваалцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-25 13:56:18

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Норвегийн тусламжийн байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл хамтран Цэцэрлэгийн дэмжлэгийн багийн туршлага солилцох үйл ажиллагаа, сургалт зохион байгууллаа.   

Өнөөдрийн сургалтад Жаргалант сумын 16 цэцэрлэгийн эрхлэгч, дэмжлэгийн багийн гишүүдийн төлөөлөл 40 орчим хүн оролцож байгаа бөгөөд хөгжлийн ялгаатай, тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллаж буй сайн туршлагаасаа танилцуулж байна. 

Ховд аймгийн хэмжээнд 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 400 орчим нь хөгжлийн ялгаатай, тусгай хэрэгцээт хүүхдүүд юм. Тэдгээр хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, сургууль цэцэрлэгт тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бий болгох чиглэлээр мэргэжлийн байгууллагууд шат шатандаа анхаарч ажиллаж байна. Үүний зэрэгцээ багш, ажилтнууд хүүхдийн хөгжлийн ялгаатай байдлыг ойлгон, хүндэтгэж хамгаалдаг, хөгжүүлдэг байхыг чухалчилж иржээ.     

Одоогоор Ховд аймагт 6700 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаагийн 3100 гаруй нь аймгийн төв, Жаргалант сумын цэцэрлэгүүдэд суралцаж буй. Үүний дотор хөгжлийн ялгаатай, тусгай хэрэгцээт 31 хүүхэд сурч хүмүүжиж байна.   

Цэцэрлэгийн дэмжлэгийн багийн туршлага солилцох ажлыг 2023 он гарсаар анх удаа зохион байгуулж байгаа. Энэ удаа тэгш хамруулан сургах боловсролын бодлогыг хэрэгжүүлэх, үнэлэхэд дэмжлэгийн багийн гишүүд буюу цэцэрлэгийн багш, ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлж, хөгжлийн ялгаатай хүүхэдтэй ажиллах цаашдын чиглэлээ тодорхойлох, бие биенээсээ суралцах боломж бүрдүүлснээрээ онцлогтой.  

Холбоотой мэдээ