АНУ, Энэтхэг батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-06 11:19:46

ШИНЭ ДЕЛИ. /VOA/. АНУ, Энэтхэгийн батлан хамгаалах байгууллагын өндөр албан тушаалтнууд даваа гарагт Шинэ Дели хотноо уулзаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцжээ. Энэхүү уулзалт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Вашингтонд хийх айлчлалаас хэдэн долоо хоногийн өмнө болж буй юм. 


Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх “Twitter” хуудсандаа мэдээлэхдээ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтой хийсэн уулзалтын үеэр “стратегийн ашиг сонирхлыг ойртуулж, аюулгүй байдлын хамтын ажиллагааг сайжруулах” талаар хэлэлцлээ гэсэн байна. 


"Энэтхэг-АНУ-ын түншлэл нь чөлөөт, нээлттэй, дүрэм журамтай Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг цогцлооход чухал ач холбогдолтой. Бид бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, стратегийн түншлэлээ улам бэхжүүлэхийн тулд АНУ-тай нягт хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Р.Сингх мэдэгджээ.


Уулзалтын дараа Л.Остин Р.Сингхийг “хоёр орны хооронд гүн гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлэх, хамтарсан сургуулилалт хийх, технологи солилцоход хувь нэмрээ оруулж ирснийг” сайшаасан байна.


Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди зургаадугаар сарын 22-нд АНУ-д төрийн айлчлал хийх юм. Хятадыг сөрөн зогсох хүчин чармайлтын хүрээнд АНУ Энэтхэгтэй харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байгаа ажээ.

Холбоотой мэдээ