Сэтгүүлчид гамшгийн үед хэрхэн ажиллаж, мэдээлэхэд суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-13 09:53:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” зөвлөгөөн өнөөдөр “Олон нийтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн мэдээллээр хангах, гамшгийн үед сэтгүүлчид хэрхэн ажиллах тухай” үндэсний семинараар тав дахь өдрөө үргэлжилж байна.


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос семинарыг нээж хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийн тухай мэдээллийг олон нийтэд мэдлэг боловсролтой, мэдээлэлтэй хүргэх хүмүүс нь сэтгүүлчид. Иймд гамшгийн эрсдэлийн мэдээллийг ялгаж шүүх, олон нийтэд эхлээд алийг нь мэдээлэх, ямар мэдээллийг нь азнах, өөрсдөө сэтгэл зүйн байдлаа хэрхэн удирдах нь чухал”-ыг тэмдэглэсэн юм.  


Дэлхий нийтээр гамшгийн эрсдлийг бууруулахад анхаарч, улс орон бүр эрсдэлийг даван туулах чадвартай болохын төлөө хүчин чармайлт гаргаж байна. Байгалийн болон нийгмийг хамарсан гамшигт үзэгдэл газар хөдлөлт, ган, зуд, цар тахлал улам бүр нэмэгдэх хандлагатайг НҮБ-аас анхааруулж байгаа. Энэ бүхэн нь хүн төрөлхтнийг түгшээж, аюулын харанга хэзээ ч дэлдэж мэдэх бэлэн байдалд оруулаад байна. Хамгийн сүүлд цар тахлын үеийн нөхцөл байдлыг мэдэрч, үүнээс тодорхой сургамж, туршлага авсан билээ.


"Манай улсын хувьд  гамшгийн эрсдэл нь ган, зуд, газар хөдлөлт зэрэг билээ. Үе үеийн төр засгаас тогтвортой хөгжлийн зорилтын гол шалгуурын нэг болох гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд тодорхой алхам хийж байгаа. Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөрт ч үүнийг тусгасан. Улаанбаатар хот газар хөтлөлтийн эрсдэлтэй бүсэд орршдогийг ОБЕГ, ШУА-иас байнга анхааруулж, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Өнгөрсөн 7 хоногт ҮАБЗ, Шадар сайдын ажлын алба, ОБЕГ, НЗДТГ хамтран "Нийслэлд газар хөдөлж, “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан хамтын ажиллагаа” стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулсан. Иргэдийг энэ мэт онцгой нөхцөл байдал, гамшгийн эрсдэлийн талаарх бодит мэдээллээр хангах, эрсдэлийг бууруулах чиглэлээр ажилладаг нэг том салбар нь хэвлэл мэдээллийнхэн юм.



Та бүхний өгч буй мэдээлэл бүхэн онцгой нөхцөл байдал, гамшгийн эрсдэлийн талаарх нийгэм дэх зүг чиг болдог. Мөн шар шороон шуургыг бууруулах хүрээнд Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийг хандуулахад хэвлэл мэдээллийнхний оролцоо үүрэг чухал байгаа. Энэ үед Монголын хэвлэл мэдэллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг санаачлан “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний семинарын хүрээнд сургалт зохион байгуулж, гамшгийн эрсдэлийн үед сэтгүүлчид хэрхэн ажиллаж, олон нийтийг эрсдэлээс сэргийлэх мэдээллээр хангах цогц ойлголт өгч, чадавхжуулж байгаа нь цаг үеэ олсон чухал үйл ажиллагаа" гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр семинарын үеэр онцоллоо.


МОНЦАМЭ агентлаг, Удирдлагын академи, НҮБ-аас хамтран зохион байгуулж буй үндэсний семинарт нийслэл болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын наяад төлөөлөл оролцож байна. 

Холбоотой мэдээ