Үндэсний их баяр наадмын шагайн харваанд найман баг тунаж үлджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2023-07-11 16:24:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваанд нийслэл, аймаг орон нутгийн 83 багийн 900 харваач өрсөлдөж байна.


Долоодугаар сарын 9-нд эхэлсэн Баяр наадмын шагайн харваанд өчигдөр 16 баг, өнөөдөр долоодугаар сарын 11-нд 8 баг шалгарч үлдээд байна. Маргааш, долоодугаар сарын 12-ны 08.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн харвааны асарт тунаж үлдээд буй 8 багийн харваа эхэлж, үүнээс 4 баг үлдэн шигшээ харваагаар аваргууд тодорно.


Үндэсний их баяр наадмын шагайн харваанд Монгол Улсын даяар дуурсах дархан, үлэмж дархан, дархан мэргэн, гарамгүй, харьшгүй, мэргэдүүд цэц мэргэнээ сорьж байна.


ЮНЕСКО-гийн биет бус өвд бүртгэгдсэн.монгол үндэсний том өв соёлын нэг шагайн харвааг гадаадын жуулчид, иргэд их сонирхон үзэж байна. Багаар өрсөлддөг үндэсний спортын төрлийн нэг Үндэсний шагайн харваанд сүүлийн жилүүдэд залуучууд, өсвөр насныхан олноороо оролцох болсон нь үндэсний үндсэн өв соёлоо түгээн дэлгэрүүлж, тээж явах зорилготойг ахмад харваачид хэлж байна.


Шагайн харваагаар улсын наадамд 10 болон түүнээс дээш түрүүлсэн хүнд Монголд даяар дуурсагдах дархан мэргэн цолыг олгодог юм. 

Холбоотой мэдээ