Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо, байршил

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-07-25 10:09:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Математикийн салбар шинжлэх ухаан нь статистик гэж үздэг. Статистик үр дүнг олж авахын тулд өгөгдлийг цуглуулдаг . Дараа нь дүрсэлж судалж үздэг, дүн шинжилгээ, харьцуулалт хийх, өөрчлөлтийг бий болгох зорилготой гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна.


Манай улсын хувьд статистикийг нийгэм, эдийн засгийн юмс үзэгдлийн тоон илрэлийг чанартай нь холбон тэдгээрийн хөгжлийн зүй тогтлыг тодорхой орон зай, цаг хугацаанд судлахад ашиглах болжээ.

 

Үндэсний статистикийн хороо (ҮСХ) Статистикийн бизнес регистрийн санд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжүүдийн статистикийн мэдээллийг хамруулж тоон үзүүлэлийг нь гаргаж байна. Харин статистикийн бизнес регистр (СБР)-ийн мэдээллийн санг аж ахуйн нэгж, байгууллагын 1998 оны анхны тооллогын дүнд үндэслэн байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагын 2006, 2011, 2016, 2021 оны тооллогын дүн, мэдээллийн бусад эх үүсвэрээс тогтмол шинэчлэн баяжуулах болжээ. “Тодорхой бүтэцтэй, тогтмол шинэчлэгдэн статистикийн зорилгоор ашиглагддаг аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэл” гэж ҮСХ СБР-ийг тодорхойлжээ.


Тус санд (СБР)-ийн 2023 оны эхний хагас жилд 254.9 мянган хуулийн этгээд бүртгэгджээ. Энэ тоон үзүүлэлт нь 2022 оны мөн үеэс 17.4 мянга буюу 7.3 хувиар нэмэгджээ. Хуулийн этгээдийг нэр төрлөөр нь харуулбал:

  • 200.2 мянга буюу 78.6 хувь нь компани,
  • 36.1 мянга буюу 14.2 хувь нь төрийн бус байгууллага,
  • 8 мянга буюу 2.3 хувь нь нөхөрлөл, 5.0 мянга буюу 2.0 хувь,

Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийг нийслэл болоод бүс нутаг байршилаар нь танилцуулбал:

  • 195.5 мянга буюу 76.7 хувь нь Улаанбаатар хотод,
  • 21.0 мянга буюу 8.2 хувьнь Төвийн бүсэд,
  • 17.7 мянга буюу 7.0 хувьнь Хангайн бүсэд,
  • 13. 5 мянга буюу 5.3 хувьнь Баруун бүсэд,
  • 7.1 мянга буюу 2.8 хувь нь Зүүн бүсэд бүртгэлтэй байна.

Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт хамгийн олон 4.2-5.7 мянган хуулийн этгээд бүртгэсэн байгаа юм. Харин Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймагт хамгийн цөөн 0. 7-1.4 мянга хуулийн этгээд бүртгүүлжээ. Тус санд бүртгэлтэй байгаа 254.9 мянган хуулийн этгээдийн 35.1 хувь нь үйл ажиллагаа явуулж, 64.9 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 110.1 мянга буюу 66.5 хувь нь үйл ажиллагаа түр зогсоосон. Бусад 33.5 хувь нь өөр  шалтгаантай гэжээ. Үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээдийг ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

  • 1-9 ажиллагчидтай хуулийн этгээд 84.6 хувь,
  • 10-19 ажиллагчидтай хуулийн этгээд 7.1 хувь,
  • 20-49 ажиллагчидтай хуулийн этгээд 5.4 хувь,
  • 50 ба түүнээс дээш ажиллагчидтай хуулийн этгээд 2.9 хувь,

Тэдгээрээс ажиллагсдын тоогоор 1-9 ажиллагчидтай хуулийн этгээдийн эзлэх хувь 2022 оны мөн үеэс 1.1 нэгж хувиар өссөн байна. Эхний (2023 он) хагас жилд үйл ажиллагаа явуулсан нийт хуулийн этгээдийн 71.3 мянга буюу 79.7 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарынх байна. Үйл ажиллагаа явуулсан тээвэр ба агуулахын салбарын хуулийн этгээдийн тоо 2022 оны мөн үеэс 19.3 хувиар өссөн байх юм. Түүнийг цааш нь үргэлжлүүлбэл:

  • удирдлагын болон дэмжлэг үзүүлэх салбар 16.4 хувиар,
  • байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх салбарынх 14.0 хувиар,
  • мэдээлэл холбооны салбарынх 13.4 хувиар,
  • бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар 13.1 хувиар тус бүр нэмэгдсэн байна.

Ер нь үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн тоо 2022 оны мөн үеэс 2023 оны эхний хагас жилд 7.2 хувиар өссөн дүн мэдээ гарчээ.

Холбоотой мэдээ