БУЛГАН: Үндэсний тоглоом наадгай орон зайгаа эзэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-09-18 09:03:36

Булган /МОНЦАМЭ/. "Номын баяр-2023" Номтой монгол уриатай орон даяар явагдаж байгаа бөгөөд Булган аймаг үндэсний тоглоом наадгайгаар соёл гэгээрлийг хүртээх орон зайг бүтээж уншигч хүүхдүүдийг тоглоом наадгай, бүтээлч хандлагаар нь номд дурлуулж тэдний математик сэтгэлгээг илүү задалж байгаагаараа онцлог болж байна.


Булган аймгийн "Үндэсний бичиг, соёл номын өдрүүд" 34 дэх удаагийн "Номын баяр"-ын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд үргэлжиллээ.


Энэ удаагийн үйл ажиллагааг Булган аймгийн Соёл урлагийн газар, Нийтийн номын сан, Булган сумын Соёлын ордон, аймгийн Музейн хамт олон  "Гэгээ рүү" номын дэлгүүр хамтран зохион байгуулав.

 

Булган аймгийн Номын сангийн захирал Т.Мөнгөнтуяа: Номын баяр Цогтхунтайжын талбайд үндэсний тоглоом наадгайн орон зайг бүтээж их өргөн дэлгэр болох байсан боловч агаарын байдлаас болоод Булган сумын Соёлын ордонд болж уншигчид маань багтахгүй гадаа хүлээж ээлжээр үйл ажиллагаандаа оролцлоо.Одоогоор 700 гаруй уншигч ирж монгол үндэсний тоглоом наадгайгаар цэнгэж, Үндэсний бийрэн бичлэг туршиж, Үсэглэлийн хаад тэмцээнд оролцож, шинэ, хуучин номын худалдаагаар үйлчлүүлэн, Ном ба дизайн үзэсгэлэн үзэж, Номын амт сугалаанд оролцлоо. Бид сугалаа бүр хонжвортой 300 сугалаагаар уншигч хүүхдүүдэдээ бэлэг барив.


Булган аймгийн Номын сан 36000 мянган номоор 4 танхим, гэр олголтоор үйлчилж, ЕБС болон Соёлын төвүүд нийт 35 номын сангийн үйл ажиллагааг сургалт арга зүйгээр чиглүүлэн ажиллаж, намар, хавар номын баяраар шилдгүүдээ тодруулдаг.


Гэгээ номын дэлгүүр Орхончимэг: Энэ жилийн номын худалдаагаар С.Пүрэвсүрэнгийн "Хавт хасар", "Хөх шуурга", С.Оюуны "Сэтгэшгүй чандмань дууль", М.Уянсүхийн "Хонхот хүүхэлдэй", "Айшхи", Б.Орхончимэгийн "Намар шиг бас өвөл шиг", Кашири Ичирогийн "Ад үзэгдэх зориг", "Жаргалтай болох зориг", "Цойлогсод" номууд эрэлт хэрэгцээ ихтэй байна.


Ахмад уншигч Г.Баттулга: Номын баяр их сайхан болж байна. Монгол үндэсний тоглоом наадгай өртөөнд хүүхдүүд тоглохоор дугаарлаж байгаа нь тун сайхан байна. Мөн аймгийн номын сан акталсан номоо хямд үнээр зарж, ховор сайхан номууд тавигдсан иргэд их авч байгаа харагдлаа. Ер нь номд дурлах хандлага руу нийгэм эргэсэн байна шүү.


Бяцхан уншигч М.Сондор /6 настай/  Номын баярын Бүтээлч ном үзэсгэлэн бас шинэ номууд надад таалагдсан. Бүтээлч ном үзэсгэлэнд номоор бүр гоё гоё юм хийсэн байсан. Ямар ч ном хэрэггүй болдоггүй юм байна гэж бодсон.






















Холбоотой мэдээ