Сенатын гишүүдийн хувцаслалтын стандартыг хүчингүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-09-20 16:36:47

ВАШИНГТОН. /Axios/. АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүд костюм, зангиа эсвэл ажил хэрэгч загварын даашинз өмсөх ёстой гэсэн хувцаслах стандартыг хүчингүй болгосны дараа энгийн хувцаслаж хуралд оролцох боломжтой болжээ. 


Сенатын танхимд олонхын суудал эзэлдэг Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер /Нью-Йорк муж улсаас сонгогдсон/ парламентын шийдвэр гүйцэтгэгчид хууль тогтоогчдын хувцаслах стандартыг дагаж мөрдөж байгаа эсэхэд хяналт тавихаа больсон гэдгийг даваа гарагт мэдэгджээ. "Сенатчид танхимд ирэхдээ хэрхэн хувцаслахаа сонгох боломжтой. Харин би костюмаа үргэлжлүүлэн өмсөнө” гэж Шумер хэлсэн байна.  


Хувцаслах стандартыг хүчингүй болгосон шалтгаан нь олон арван жилийн туршид хууль тогтоогчдын ажил хэрэгч хувцаслалтын стандарт гэж тооцогдож байсан костюм, зангианаас сенатчид татгалзаж эхэлсэнтэй холбоотой ажээ. Тухайлбал, Пенсильвани муж улсаас сонгогдсон Ардчилсан намын гишүүд ажилдаа өргөн богино өмд, хэлхгэр юүдэнтэй цамц өмсөн ирж байсан тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Гэхдээ дээрх шийдвэр нь Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдэд хамаарахгүй гэнэ.


Харин уг шийдвэр Бүгд найрамдах намын төлөөлөгчдийн шүүмжлэлд өртжээ. Тус намаас сонгогдсон 46 сенатч Чак Шумерт захидал илгээж, хувцаслах стандартыг хүчингүй болгосонд "гүнээ урам хугарч, эрс эсэргүүцэж" байгаагаа илэрхийлэн нэн даруй сэргээхийг уриалжээ.


Хууль тогтоогчдод зориулсан албан ёсны хувцаслалтын стандарт гэж байгаагүй бөгөөд эрэгтэй гишүүд уламжлал ёсоор костюм өмсөж, зангиа зүүдэг бол эмэгтэй гишүүд мөрөө хаасан даашинз эсвэл өмд цамцны хослол өмсдөг. 2019 онд Ардчилсан намын сенатч Эми Клобучарын /Миннесота муж улсаас сонгогдсон/ санаачилгаар дээд танхимын эмэгтэй гишүүдэд ханцуйгүй даашинз өмсөхийг зөвшөөрчээ. Харин хэдэн жилийн өмнөөс Төлөөлөгчдийн танхимын эмэгтэй гишүүдэд ийм даашинз өмсөхийг зөвшөөрсөн байна. 


Холбоотой мэдээ