Олимпоос өргөн хүрээтэй Азийн наадам
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЭЭЖИН. /AP/. Азийн наадам дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Юун түрүүнд дурдахад, энэхүү наадамд зуны Олимпод оролцдогоос илүү олон тооны тамирчин оролцох гэж байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, Хятадын зүүн нутгийн Ханжөү
хотноо бямба гарагт болох нээлтийн ёслолд 12 мянга гаруй тамирчин оролцоно. Энэ
нь ирэх оны Парисын Олимпын наадамд оролцох тамирчдын тооноос /10500/ давж байна гэсэн үг .
Ийм олон тамирчид
оролцох гэж буй нь Олимпын наадмын үеэр үзэх боломжгүй бүс нутгийн шинжтэй спортын
олон төрлийн тэмцээн уралдаан болдогтой холбоотой. Тухайлбал, крикетийн тэмцээн болох бөгөөд спортын энэ төрөл 2028 онд Лос-Анжелест болох Олимпын хөтөлбөрт нэмэгдэн орж магадгүй байгаа бол 2032 оны Австралийн Брисбений Олимпод орох нь тодорхой
болоод байна.
Түүнчлэн Олимпын хөтөлбөрт оруулахаар хэд хэдэн удаа оролдож байсан сквош теннисний төрөл
ч бий. Үүнээс гадна луут завины уралдаан, өшиглөдөг волейбол буюу сепактакрау,
Хятадын тулааны урлаг болох ушу, Энэтхэгт түгсэн кабадди
зэрэг бүс нутгийн шинжтэй спортын төрлүүд бий. Мөн Олимпын төрөлд
багтдаггүй тулааны урлаг болох жюү жицү, Төв Азид түгээмэл бөхийн төрөл болох кураш ч
багтана.
Эдгээрээс гадна зохион байгуулагчдын зүгээс оюуны спорт хэмээн тодорхойлж буй бриж хөзрөөс
эхлээд шатар, сянци /хятад
шатар/, цахим спортын
төрлүүдийн урт жагсаалт нэмэгдэнэ. Мэдээж хэрэг, хөнгөн атлетик, усанд сэлэлт,
волейбол гээд Олимпын төрлүүд ч бий. Наадмын үеэр байт харваа,
уран сайхны сэлэлт, бокс, хоккей, орчин үеийн таван төрөлт, дарвуулт завь,
теннис, усан поло зэрэг спортын төрлүүдээр Олимпын эрх олгох юм.
481 төрлийн тэмцээн уралдааны ихэнхэд нь цомхон бүрэлдэхүүнтэй баг тамирчдад медаль олгох бөгөөд энэ нь Олимпын наадмын үеэр боломжгүй байдаг. 2018
онд Индонезид болсон Азийн наадмаас Хятад улс нийлбэр дүнгээр 300 орчим медаль
хүртэж байсан бол медалийн хүснэгтийн хамгийн сүүлд бичигдсэн Сири, Балбын
багууд тус бүр нэг медаль
хүртжээ. Харин Бутан,
Бангладеш зэрэг есөн орны тамирчид медаль авч чадалгүй нутаг буцсан байна.
Сүүлийн 40 жилийн турш Хятад улс медалийн чансааг тэргүүлж, Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн бусад гүрнүүд удаалсаар иржээ. Азийн өргөн уудам нутаг нь Газар Дундын тэнгис дэх Ливанаас Төв Ази, Энэтхэгийн хойгийг хамран Умард Солонгос хүртэл үргэлжилдэг.
Азийн наадамд 45 улс орон, нутаг дэвсгэрийн тамирчид оролцоно гэдгийг зохион байгуулагчид мэдээлсэн ба Умард Солонгосоос 191 тамирчин оролцох ажээ. Тус улс цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд 2020 оны эхээр хилээ хааж, нэг жилээр хойшилсон Токиогийн Олимпыг алгассан юм. 2022 онд болох байсан Азийн наадам ч мөн адил цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдон, энэ онд болж байгаа билээ.