Польш улс 2036 оны Олимпыг зохион байгуулах хүсэлт гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАРШАВ. /PAP/. Польш улс 2036 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ гаргахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Анжей Дуда лхагва гарагт мэдэгдлээ.
"Польшийн Олимпын хороо, Спортын сайд, засгийн газартай зөвлөлдсөний дараа 2036 онд зуны Олимпын наадмыг зохион байгуулахын төлөө хичээн зүтгэх нь бидний зорилт, хүсэл эрмэлзэл гэдгийг мэдэгдэхийг хүсэж байна" гэж А.Дуда хэлжээ.
Зуны ба өвлийн олимпын наадмын аль алиныг нь зохион байгуулж байгаагүй Польш улс 2032 оны наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Мексик, Индонез, Турк улсуудтай өрсөлдөх юм.
"Польшид уг наадмыг зохион байгуулахын тулд бүхнийг хийнэ гэдгийг амлая" гэж тус улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Радослав Пиешевич мэдэгджээ. Олимпын наадмыг зохион байгуулах нь тухайн хотуудад нэр хүндийг авчирдаг боловч зарим эдийн засагчдын үзэж байгаагаар, энэ нь эцсийн дүндээ санхүүгийн хувьд алдагдалд оруулдаг ажээ.
Зуны Олимпын наадам ирэх онд Парист, 2028 онд Лос-Анжелест, 2032 онд Австралийн Брисбен хотод тус тус болно.