Л.Месси улирал дуусахаас өмнө талбайд гарах ёстой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /РИА Новости/. Улирал
дуусахаас өмнө Лионель Месси талбайд заавал гарах ёстой гэж Хойд Америкийн Хөл
бөмбөгийн лигийн /MLS/ “Интер
Майами” клубын ахлах дасгалжуулагч Херардо Мартино ярьжээ.
Өчигдөр болсон АНУ-ын Нээлттэй
цомын тэмцээний финалын тоглолтонд Месси бэртлийн улмаас оролцоогүй бөгөөд
түүний “Интер Майами” баг “Хьюстон Динамо”-д 1:2 харьцаагаар хожигдсон юм.
“Түүнийг талбайд цөөхөн хэдэн
минут гаргалаа ч гэсэн энэ нь болчимгүй шийдвэр байх байлаа. Бид үнэндээ эрсдэлтэй
алхам хийхийг хүсээгүй. Гэхдээ Месси улирал дуусахаас өмнө талбайд заавал
гарна. Тоглолтонд оролцох эсэхийг нь эмч нарын багийн дүгнэлтэнд үндэслэн
шийдвэрлэнэ” гэж Х.Мартино ярьжээ.
9 дүгээр сарын эхээр Месси
ДАШТ-ний урьдчилсан шатны Аргентин-Боливийн шигшээ багуудын тоглолтонд (3:0) оролцоогүй бол үүний өмнөх Аргентин-Эквадорын тоглолтын
(1:0) 89 дэх
минутанд талбайгаас гарсан юм. Түүнээс хойш тэрбээр ганцхан удаа “Интер Майами”-гийн
бүрэлдэхүүнд тоглолтонд оролцсон боловч булчингийн ядралын улмаас 37 дахь
минутанд тоглолтыг орхихоос аргагүйд хүрч байв.
Л.Месси энэ оны зун “Интер Майами”-д
ирсэн билээ. Тэрбээр Испанийн “Барселона” клубын хөл бөмбөгийн сургуулиар хүмүүжсэн
бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд Испанийн аваргаар 10 удаа шалгарч, Аваргуудын
Лигт 4 удаа түрүүлсэн юм.
Улмаар 2021 онд Францын “Пари
Сен-Жермен” багт шилжин ирж, тус багийн бүрэлдэхүүнд улсын аваргаар 2 удаа
шалгарч, нэг удаа Францын цомын эзэн болж байв.
Аргентины шигшээ багийн
бүрэлдэхүүнд Дэлхийн аварга, Америкийн цомын аварга цолыг хүртсэн Л.Месси “Алтан
бөмбөг”-ийн эзнээр 7 удаа шалгарсан билээ.