М.Верстаппен Мексикийн Гран-Прид амжилтаа ахиулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-27 14:45:20

МЕХИКО, 2023 оны аравдугаар сарын 27 /TASS/. "Формула-1" ангиллын авто уралдааны 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 19 дахь гараа буюу Мексикийн Гран-При өнөөдөр эхэлнэ. Уралдаан ах дүү Родригесыг нэрэмжит тойрог замд болох гэж байна. 


Red Bull багийн Нидерландын нисгэгч Макс Верстаппен хэдийнэ дэлхийн гурван удаагийн аварга болоод байгаа бөгөөд өнгөрсөн онд өөрийн тогтоосон "Формула-1"-ийн нэг улирлын ялалтын дээд амжилтыг ахиулахыг эрмэлзэх нь дамжиггүй. Тэрбээр өнгөрсөн онд 15 удаа түрүүлсэн бөгөөд амжилтаа дахин ахиулах өндөр магадлалтай байгаа юм. Тэрбээр Мексикийн Гран-Прид дөрвөн удаа түрүүлжээ.


Түүний багийн анд Мексикийн нисгэгч Серхио Перез мөн нутгийнхаа хөгжөөн дэмжигчдийг баярлуулах бодолтой байна.


Мексикийн Гран-При 23 жил завсарласны эцэст 2015 онд ДАШТ-ний хуваарьт дахин орсон юм. Анхны уралдааныг 1963 онд тус улсад зохион байгуулж байсан боловч 1970 онд уралдааны замтай холбоотой гомдлын улмаас Олон улсын автомашины холбоо Мексикийн талтай байгуулсан гэрээгээ сунгаагүй ажээ. Уралдааны тойрог замыг сэргээн засварласны дараа 1986-1992 он хүртэл авто уралдаан зохион байгуулагдаж байсан бөгөөд дараа нь мөн л дээрх шалтгаанаар уралдааныг зогсоожээ.


2015 оны Мексикийн Гран-Прид Германы нисгэгч Нико Росберг аваргалсан бол дараа нь М.Верстаппен (2017, 2018, 2021, 2022), Л.Хэмилтон (2016, 2019) нар түрүүлж байв. 2020 онд коронавирусний цар тахлын улмаас тэмцээнийг цуцалжээ.


Тэмцээн өнөөдөр эхэлж аравдугаар сарын 29 буюу ням гарагт дуусна.


 

Холбоотой мэдээ