Олон улс судлалын хүрээлэнг анх Ази, Африк, Дорно дахины судлал дээр тулгуурлан байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-11-10 17:21:35

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Манай улсад тэртээ 1968 онд, олон улсад хүйтэн дайн өрнөж, дэлхий нийтийн харилцаа хуваагдмал, амаргүй байсан хүнд цаг үед олон улсын судлал бие даасан институц болон хөгжиж эхэлжээ.


Тодруулбал, тухайн үед Монгол Улсын ШУА-ийн харьяанд Олон улс судлалын хүрээлэн үүсэн байгуулагдаж байв. Тус хүрээлэнгийн 55 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.


Ойд зориулсан “Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурал, ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр боллоо.


Эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны түүхэн тэмдэглэлт ойд зориулсан эрдэм шинжилгээний арга хэмжээг зохион байгуулах,  үзэсгэлэн, судалгааны бүтээлүүдийг эрхлэн гаргах зэргээр тус ОУСХ-ийн хамт олонтой амжилттай хамтран ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн 55 жилийн хугацаанд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь Монгол Улсын нийгмийн шинжлэх ухааны нэр төртэй салбар, манай улсын олон улс судлалын гол цөм болж чадсаныг онцлон тэмдэглэж, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлэв. 


Эрдэм шинжилгээний хурлын нээлт дээр Олон улс судлалын хүрээлэнгийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар мэндчилгээ дэвшүүлснийг хурлын зохион байгуулагч нар оролцогчдод уламжилсан юм.


Мөн ОУСХ-гийн 55 жилийн ойд баяр хүргэн ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэн, БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн Угсаатны зүй, антропологийн хүрээлэн, Вьетнам улсын мөн Нийгмийн ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэн, БНСУ-ын Дангүгийн их сургууль, Японы Осакагийн олон улсын их сургууль, мөн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Буддын судлалын хүрээлэн, ХБНГУ-ын монголч эрдэмтэн Б.Удо, ОХУ-ын Буриад улсын Их сургууль зэрэг ОУСХ-тэй харилцаа холбоотой хамтран ажиллаж ирсэн гадаадын байгууллагууд цахимаар мэндчилгээ ирүүлснийг хурлын төлөөлөгч нарт хүргэсэн юм.


Хурлын үндсэн илтгэгч, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо “Монгол Улс дахь олон улс судлалын өв, судалгааны өнөөгийн байдал, цаашдын төлөв”, ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирал Д.Бямбадорж “Монгол Улсын гадаад бодлогод олон улс судлалын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол”, МУИС-ийн ШУС-ийн дэд захирал, доктор Н.Алтантөгс “Олон улс судлал ба дээд боловсролын сургалт, хөтөлбөрийн агуулга, МУИС-ийн жишээгээр” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.


“Бид олон улс судлал, улс орон, дэлхий дахины аюулгүй байдал, бүс нутгийн хамтын ажиллагаа гээд олон салбарт, гадаад, дотоодын олон байгууллага, их, дээд сургуулиуд, судлаач эрдэмтэдтэй хамтран ажилладаг. Манай үйл ажиллагаа, судалгаа өргөн цар хүрээнд улам тэлж, Монгол Улсын олон улс судлалын цөм болж байна” хэмээн ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо хэлсэн юм.


ШУА-ийн ОУСХ-гээс Төрийн соёрхолт, эрдэмтэн Ш.Бира, О.Батсайхан, академич Н.Ишжамц, Ч.Далай, Б.Лхамсүрэн, Б.Балдоо, Ц.Пунцагноров, Б.Гунгаадаш, Т.Намжим, Л.Жамсран нарын манай улсын олон алдар гавьяатай, нэр хүндтэй эрдэмтэд төрөн гарч, тэдний туурвисан бүтээлүүд Монголын түүх судлал, олон улсын харилцаа, дорно дахин, олон улс судлалыг хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулж ирснийг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн зөвлөх, доктор, профессор Л.Хайсандай энэ өдөр дурсан, “Манай хүрээлэн чинь Монголын хамгийн их академич, доктор төрүүлсэн тэргүүлэгч байгууллага юм” гэв.


“Монгол Улс дахь олон улс судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурал, ОУСХ-гийн 55 жилийн ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд манай улсад суугаа Чех, Польш, Турк, БНАСАУ-ын Элчин сайд нар, ОХУ, БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөл, зочид, эрдэмтэн судлаач, дипломатч нар оролцлоо. Мөн энэ үеэр Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын үе үеийн бүтээл, номын үзэсгэлэнг ГХЯ-ны “Номин” танхимд дэлгэн үзүүлсэн юм. 






Холбоотой мэдээ