Унгарт болсон Израил-Швейцарын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-11-16 12:27:38

МОСКВА, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /РИА Новости/. 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ урьдчилсан шатанд өрсөлдөж буй  Швейцар-Израилын хөл бөмбөгийн шигшээ багуудын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.


Унгарт болсон I хэсгийн уг тоглолтын 36 дахь минутанд Швейцарын Рубен Варгас эхний гоолыг оруулсан бол 89 дэх минутанд Шон Вейсман тэнцээний гоолыг хийжээ. Тоглолтын нэмэлт цагийн 5 дахь минутанд Швейцарын хагас хамгаалагч Эдимилсон Фернандеш талбайгаас хөөгдсөн байна.      


Энэ тоглолтыг онцлохын учир нь, Ойрхи Дорнодод зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн энэ үед УЕФА-гийн ивээл дор болдог хөл бөмбөгийн тоглолтуудыг  Израилын нутаг дэвсгэрт зохион байгуулахгүй гэсэн шийдвэрийг Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ Гүйцэтгэх зөвлөл 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан юм. Үүний дагуу Израилын шигшээ багийн талбайд болох байсан ЕАШТ-ний сонгон шалгаруулах шатны хоёр тоглолтыг Унгарын Фельчут хот дахь Ф.Пушкашын нэрэмжит академийн цэнгэлдэх хүрээлэнд явуулахаар шийдвэрлэжээ.


Израил ба Швейцарын шигшээ багууд нийтдээ 6 удаа учраа таарч тоглосноос 5 удаа тэнцэж, нэг удаа швейцарчууд ялж байв.


Тэмцээний хүснэгтийг харвал, 8 тоглолтын дараах байдлаар Швейцарын хөлбөмбөгчид 16 оноогоор хэсгээ тэргүүлж байгаа бол 12 оноотой Израилын шигшээ баг гуравдугаарт жагсаж байна. Хоёрдугаарт 16 оноотой Румыны баг бичигджээ.  

 

Холбоотой мэдээ