СЭЛЭНГЭ: Урмакшинова Елена Рониславовна: Манай их сургууль монгол судлалын тэнхимтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-17 08:17:49

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол-Оросын найрамдлын сарын хүрээнд зохион байгуулсан “Орос хэл-соёлын баяр” үйл ажиллагааны үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Их сургуулийн төлөөлөл хүрэлцэн ирж сургуулиа сурталчлах өдөрлөгийг зохион байгуулсан юм.


Энэ үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Их сургуулийн сургалт эрхэлсэн захирал, техникийн ухааны доктор, дэд профессор Урмакшинова Елена Рониславовнатай ярилцлаа.

 

-Танай сургуулийн онцлог юу байна. Ямар ямар чиглэлээр оюутан элсүүлэн суралцуулж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай Буриад улсын их сургууль Сэлэнгэ аймагтай нас чацуу. Энэ жил 91 жилийн ойгоо тэмдэглэж байна. Одоогоор манай их сургуульд Монгол Улсын 60 гаруй иргэн Монгол Улсын өндөг булан бүрээс суралцаж байгаа. Гол төлөв хэл шинжлэл, хэл бичиг, түүх, инженер, улс төр гэсэн чиглэлээр хүүхдүүд суралцдаг.  

  

 

-Танай сургуульд үнэ төлбөргүй, тэтгэлгээр суралцах боломжтой гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Манай Буриад улсын тэргүүн санаачлан Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй, тэтгэлэгтэй орос хэл сурах хөтөлбөрийг нээсэн. Энэ хөтөлбөр хэрэгжээд 2 жил болж байна. Энд Монгол Улсын 18-35 насны хүмүүс хамрагдах бүрэн боломжтой.

Энэ хөтөлбөр ямар ч үнэ төлбөргүй. Мөн оюутны байранд ч үнэ төлбөргүй амьдарна. Дээр нь бас оюутны тэтгэлэгтэй.  

 

-Хөтөлбөрийн талаар дэлгэрүүлж өгнө үү?

-Хөтөлбөрийн дагуу нэг жил орос хэлний дамжаанд сууна. Дараа нь орос хэл шинжлэлийн чиглэлээр орос хэл, уран зохиолын чиглэлээр шууд бакалаврт элсэн орно. Тэгээд энэ бакалавртаа 4 жил суралцаад, орос хэлээ маш сайн сурсны дараа өөрөөр хэлбэл орос хэлээ хангалттай сайн бүрэн дүүрэн сурсны дараа өөр мэргэжлээр дахин сургуулиудад мэргэшиж болох сайхан нөхцөл бүрдсэн байгаа.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ