Швейцар, Румын, Нидерландын багууд ЕВРО-2024-т оролцох эрхээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-19 11:17:54

ЖЕНЕВ, 2023 оны арваннэгдүгээр сарын 19 /TASS/.  Швейцарь, Румын, Нидерландын хөлбөмбөгчид 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын шатанд оролцох эрхээ авлаа.


Швейцарын шигшээ баг талбайдаа Косовогийн багтай тоглож 1:1-ээр тэнцсэн бол румынчууд Израилын багийг  2:1 –ээр хожлоо. I хэсгийн чансааны эхний хоёр байрт Швейцар, Румыны багууд 19 ба 17 оноотойгоор жагсаж байгаа бол 12 оноотой Израилын хувьд ЕВРО-2024-ийн шувтаргын шатанд шалгарах боломжгүй болжээ.


Бямба гарагт болсон өөр нэг тоглолтод Нидерландын баг талбай дээрээ Ирландыг 1:0-ээр  буулган авлаа. Энэ ялалтын ачаар Голландын  хөлбөмбөгчид 15 оноотой болсноор В хэсгийн хоёрдугаар байраас буухааргүй боллоо.  Грекийн баг 12 оноотой гуравдугаар байрт бичигдэж байгаа хэдий ч нэмэлт үзүүлэлтүүдээр өрсөлдөгчөөсөө дутуу байна.  В хэсгээс Францын баг Евро-2024-т шалгараад байгаа билээ.


Австри, Албани, Англи, Бельги, Унгар, Дани, Испани, Португал, Словак, Турк, Франц, Шотландын багууд 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ өмнө нь аваад байгаа юм. Германы баг талбайн эзний хувиар тус тэмцээнд шууд оролцох эрхтэй. Арван хэсгийн тоглолтуудын дүнгээр хэсэг тус бүрээс хоёр шилдэг баг ЕВРО-2024-т оролцох эрхээ авна. Үлдсэн гурван багийг Үндэстнүүдийн лигийн хасагдах шатны тоглолтын дүнгээр тодруулах юм.

Холбоотой мэдээ