Цанын харайлтын тэмцээнд Кобаяши Рёю түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-01-07 13:29:44

БИШОФСХОФЕН, 2024 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Трамплин харайлтын “Four Hills Tournament 2023/24” тэмцээнд нийлбэр дүнгээр Японы Кобаяши Рёю гурав дахь удаагаа түрүүллээ. Эцсийн буюу дөрөвдүгээр шатны тэмцээн Австри улсын Бишофсхофен хотод болжээ.


Дөрөвдүгээр шатны тэмцээнд Австрийн тамирчин Стефан Крафт 288.9 оноо авч түрүүлсэн байна. Хоёрдугаар байрт Кобаяши (287.6), гуравдугаар байрт Словенийн Анжэ Ланишек (281.8) нар оржээ. Өмнөх гурван хайралтад Японы тамирчин мөн хоёрдугаар байр эзэлсэн байна. Тэрбээр нийт дүнгээр 857.6 оноо авч түрүүлсэн бол хоёрдугаар байрт Германы Андреас Веллингер (852.8), гуравдугаар байрт Австрийн Ян Хёрль (834) нар тус тус оржээ.


Өдгөө 27 настай Кобаяши Бээжингийн олимпын наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө (2023), хүрэл (2019) медальтан бөгөөд Дэлхийн цомын тэмцээнд хоёр удаа түрүүлжээ.

Холбоотой мэдээ