Рафаэль Надаль Австралийн нээлттэй тэмцээнийг өнжинө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
КАНБЕРРА, 2024 оны нэгдүгээр сарын 8 /ВВС/. Испанийн теннисчин Рафаэль Надаль Брисбэний тэмцээний үеэр авсан бэртлээ эмчлүүлэхээр нутаг буцсанаар Австралийн Нээлттэй тэмцээнийг өнжихөөр боллоо.
Өдгөө 37 настай Р.Надалийн хувьд бэртлийн улмаас бараг бүтэн жил завсарласны дараа Брисбэний тэмцээнд оролцож, эхний хоёр тоглолтдоо хожоод байсан юм. Гэвч баасан гарагт болсон шөвгийн наймын тоглолтод Жордан Томпсонд хожигдсон ба дахин бэртэл авчээ.
"Их дуулга" тэмцээний 22 удаагийн аварга Р.Надаль олон нийтийн сүлжээнд бичихдээ "Би теннисний талбайд эргэн ирэхийн төлөө бүтэн жилийн турш маш шаргуу ажилласан. Мельбурний үзэгчдийн өмнө тоглож чадахгүй болсон нь миний хувьд гунигтай байна. Намайг дэмжиж байсанд баярлалаа, удахгүй уулзъя!" гэсэн байна.
Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 14-нд Мельбурн
хотноо эхэлнэ.
Р.Надаль бэртлээ эмчлүүлснээр тавдугаар сарын 20-нд эхлэх Францын нээлттэй тэмцээнд бэлтгэх боломжтой. Тэрбээр тус тэмцээнд 14 удаа аваргалж, дээд амжилт тогтоосон билээ.