Ерөнхийлөгчийн саналын улмаас Аргентины хөл бөмбөгийн холбоог шийтгэж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-01-10 15:53:12

БУЭНОС-АЙРЕС, 2024 оны нэгдүгээр сарын 10 /TASS/. Хөл бөмбөгийн клубүүдийг хувьцаат нийгэмлэг болгох тухай өөрчлөлтийг Аргентины хууль тогтоомжид оруулах аваас олон улсын спортын байгууллагууд тус улсын хөл бөмбөгийн холбоонд хориг тавьж болзошгүй байгаа тухай Испанийн “As” сонинд мэдээлжээ. 


Мэдээлэлд дурдсанаар, Аргентины Спортын холбоо (CAD) хууль тогтоомжид ийм өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн байна. Өөрчлөлт оруулах саналыг Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей гаргажээ.


Олон улсын Олимпын хороо, Олон улсын хөл бөмбөгийн холбооны дүрэмд зааснаар бол төрөөс спортын байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон тохиолдолд хатуу шийтгэл оногдуулдаг. Иймээс Аргентины хөл бөмбөгийн шигшээ баг Америкийн цом, Парисын Олимпын наадамд оролцох нь тодорхойгүй болно гэж дээрх сонинд бичжээ. 


"Гүйцэтгэх засаглалын хийж буй үйлдэл нь спортын холбоодын зохион байгуулалтад эрсдэл учруулж байгаа тул CONMEBOL (Өмнөд Америкийн хөл бөмбөгийн холбоо) Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг хасах, мөн Олон улсын Олимпын хороо, Олон улсын Паралимпын хороо Аргентины тамирчдыг Олимп, Паралимпын наадамд оролцуулахаас түдгэлзүүлж болзошгүй" гэж CAD-ын өргөх бичигт дурджээ.

Холбоотой мэдээ